top banner

Амьжиргааны баталгаажих доод түвшин, ХХДХ, дундаж цалин


2018-04-06 18:21:56
Зураг
Амьжиргааны баталгаажих доод түвшин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (ХХДХ), ажиллагчдын дундаж цалин өөр хоорондоо уялдаа холбоотой. Мөн эдийн засагт өөр өөрийн үзүүлэх нөлөө, гүйцэтгэх тусгай үүрэгтэй байдаг юм байна.

Хүн амын амьжиргааны баталгажих  доод түвшинг жил бүр бүсчлэн тогтоож, Үндэсний статисткийн хороо (ҮСХ) зарладаг. Энэхүү мэдээллийг  нийгмийн даатгал, халамжийн сангаас олгох тэтгэмж, хөдөлмөрийн хөлс, нөхөн олговрын хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд  суурь болгон ашиглаж  байх жишээтэй.  Ялгаагүй энэ үзүүлэлт дээр түшиглэн ХХДХ-г Засгийн газар тогтоодог. Гэхдээ хүн амын амьжиргааны баталгаажих  доод түвшингийн хамгийн өндөр үзүүлэлтээс ХХДХ-г дээгүүр тогтоож байхаар хуульчисан байдаг. Анх амьжиргааны баталгаажих доод түвшингээс 2,7 дахин өндөр хувиар  ХХДХ-г Засгийн газар  тогтоож байсан  байна.  Тэгвэл энэ харьцаа өнөөдөр өөрчлөгдөн хоорондын (амьжиргааны баталгаажих доот төвшин Улаанбаатарт хамгийн өндөр 198 мянга 600 төгрөг) зөрүү нь 41 мянга 400 төгрөг болжээ.  

ХХДХ нь цалин хөлсний хувиарлалтын хамгийн доод хэсэгт байгаа ажиллагчдыг хамгаалах зорилгоор тогтоосон цалингийн бүтцийн суурь давхаргын хамгийн бага хэмжээ. Энэ нь хөдөлмөрийн мөлжлөгт өртөх өндөр эрсдэлтэй, мэргэжил, боловсролгүй тэднийг хамгаалах зорилготой. Ийм учраас олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ) - аас цалингийн хамгийн бага энэ хэмжээг хуульчлахыг  улс, орнуудад уриалдаг аж. Тус байгууллагын гишүүн орнуудын 90 хувь нь ХХДХ-г хуульчилжээ. Хуульчилж өгсөнөөр ийм цалин авдаг ажиллагч, түүний ар гэрийн гишүүдийг цалинтай  ядуусын эгнээнд орохоос урьдчилан сэргийлэх  хөшүүрэг гэж үздэг байх юм.

Монгол Улс “Хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшинг тогтоох”, “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох” тухай хуулиудыг 1998 онд баталсан байна.  Харин 2000 оноос эхлэн үзүүлэлтүүдийг нь нийтэд зарлаж эхэлжээ.

“Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох” хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газар 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 351 тоот тогтоол гаргаж ХХДХ-г цагийн 642 төгрөг 86 мөнгө, сарын 108 мянган төгрөг гэж  тогтоосон байна. Энэ нь ажиллагчдын цалинг хуулийн хүрээнд эргэн харж, шинэчлэн тогтоож байх идэвхийг сэргээж өгсөн чухал алхам болжээ.

Улмаар ХХДХ-г тогтоох хуулийг УИХ 2010 онд шинэчлэн найруулж батлан  2011 оны 1 дүгээр сарын 1-ээс мөрдүүлж эхэлсэн юм. Шинэчлэгдсэн хуулиар Засгийн газар, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхолыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээнд нэгжтэй байгууллагын төлөөлөл бүхий хөдөлмөр, нийгмийн зөвшлийн  гурван талт Үндэсний хороо ХХДХ-г хэлэлцэн шийдвэрлэх болсон юм.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гураван талт Үндэсний хороог ХНХ сайд ахалж, МҮЭ, Ажил олгогч эздийн холбооны төлөөлөл ижил тоогоор оролцдог. Үндэсний хороо 18 гишүүнтэй, хоёр жил тутамд ХХДХ-г шинэчлэн тогтоох талаар хэлэлцэх үүрэгтэй.  Тус хорооны хуралдаан энэ сарын 4-нд болж цалин нэмэх асуудлыг энэ оны хоёрдугаар улиралд багтаан авч хэлэлцэхээр болжээ.

Цалин хөлстэй холбоогдон гарч ирдэг өөр нэг ойголт нь ажиллагчдын дундаж цалинг тогтоох явдал юм билээ. Ажиллагчдын дундаж цалинг тогтоохдоо 2014 оноос эхлэн Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газар (ЭМНДЕГ)-ын даатгалын шимтгэлийн тайланд тулгуурлан гаргадаг болсон аж.

2017 оны 4 дгээр улиралд шимтгэлийн тайланд бүртгэгдсэн  38,5 мянган  аж ахуйн нэгжийн 613 мянган ажиллагчдыг  хамруулан  дундаж цалинг тогтоосон байна. Эдгээр ажиллагчдын 46,7 мянга  буюу 7.6 хувь нь 240 000 төгрөг хүртэл , 34,3 мянга буюу 5,6 хувь нь 240001-300000 төгрөг, 85,7 мянга буюу14 хувь нь 300001-500000 төгрөг, 246,4 мянга  буюу 35,2 хувь нь 500001-900000 төгрөг, 121,9 мянга буюу  19,8 хувь  нь 900001-1300000 төгрөг,   28,2 мянга буюу 4,6 хувь нь1300001-1500000 төгрөг,  80,6 мянга буюу 13,2 хувь 1500 000 төгрөгөөс  дээш цалинтай байна гэж ҮСХ Мэдээллээ.

Ажиллагчдын сарын дундаж цалинг  салбараар нь  ангилан авч үзвэл, уул уурхай, олборлолтынхон 2,3 сая төгрөгийн цалинтай, зочид буудал орон сууц, нийтийн хоолны үйлчилгээний салбарынхан 632,3 мянган төгрөгийн цалинтай гэсэн дүн гарсан байна.

Дундаж цалинг иргэд өөр дээрээ тусгаж авдаг. Харамсалтай нь ҮСХ-оос зарласан дундаж цалин үнэмлэхүй олон ажиллагдын авч байгаа цалингаас өндөр байгаа нь тэднийг бухимдуулдаг гэж мэргэжилтнүүд хэлэх юм. Тэгвэл дундаж цалин хөлс нь тайлант хугацаанд хөлс авсан ажиллагчдын тоогоор жигнэсэн нийт цалин хөлс, тэр хугацааны ажиллагчдын тооны харьцаа гэнэ. Түүнээс биш бидний үздэг шиг нэг хүний авч байгаа цалин биш гэж статистикчид тэмдэглэжээ.  Цалин нь ажиллагчдад орлого болж ирдэг.  Харин ажил олгогчдод зарлага болж гардаг онцлогтой. Дундаж цалин гэдэг бол эдийн засгийн өсөлт, худалдан авах чадварыг илэрхийлэх хэлбэрүүдийн нэг  чухал хэрэгсэл нь ажээ.

Манай улсад ХХДХ 240 мянган төгрөг (2016 тогтоосон) байна. Харин  хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшин баруун бүс (Баян- Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд) -д 178 мянган төгрөг, Хангайн бүс (Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Хөвсгөл, Орхон)-д 182 мянга 600 төгрөг, төвийн бүс (Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Сэлэнгэ, Төв, Дархан- Уул)-д 175 мянга 600 төгрөг, зүүн бүс (Дорнод, Сүхбаатар, Хэнтий)-д 174 мянган төгрөг, Улаанбаатарт 198 мянга 600 төгрөг, ажиллагчдын дундаж цалин нэг сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 96 мянган төгрөгөөр өссөн байна гэж ҮСХ мэдээллээ.

Төрөөс цалин хөлсний талаар баримтлах бодлогын ямар баримт бичиг хэзээ  батлан гаргасан талаар хэн юу мэдэж байна. Тэр хүн энэ сэдвийг цааш нь үргэлжлүүлээрэй.                          Г.Эрдэнэбат


Монгол брэнд