top banner

Барилгын 11 төрлийн материалыг 63 үзүүлэлтээр шинжилнэ


2018-04-09 00:39:22
Зураг
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн Газрын харилцаа, Барилга, Хот байгуулалтын газар /ГХБХБГ/ барилгын материалын сорил шинжилгээний лабораторио ажиллуулах “Итгэмжлэл”-ээ  гардан авлаа. Тус лаборатори бетон, цемент, элс, хайрга, керамик зэрэг 11 төрлийн бүтээгдэхүүнд, 63 үзүүлэлтээр сорил шинжилгээ хийнэ. Энэ нь орон нутагт баригдаж байгаа барилгын чанар, худалдан борлуулж байгаа бүтээгдэхүүнд хяналт тавихад түлхэц болно гэж ГХБХБГ-ын дарга Д.Цолмон ярилаа.
2012 онд Монгол Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан "Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр" -ийн "Үйлдвэржилтийг дэмжих" зорилтын хүрээнд улсын төсвийн хөрөнгөөр Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны захиалгаар аймгийн төвүүдэд орчин үеийн тоног төхөөрөмж бүхий Барилгын материалын лабораториудыг байгуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу Орхон аймагт Хангайн бүсийн тулгуур төвийн "Барилгын лаборатори" байгуулагдаж, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 55  аж ахуйн нэгжтэй  хамтран ажиллаж барилгын материалын сорьц, шинжилгээ хийжээ. Гэхдээ үүнийг туршилтаар явуулж байсан аж. Харин энэ сарын хоёронд ГХБХБГ “Итгэмжлэл” –ээ гардан авсанаар үйл ажиллагаагаа нээлттэй явуулахаар болжээ.
Б.Оюун-Эрдэнэ


Сурталчилгаа
Монгол брэнд