top banner

Дүүргүүдийн нэгдсэн эмнэлэгт нэмэлтээр эмч ажиллуулж байна


2018-04-09 11:04:09
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн дэд сайдын баталсан удирдамжийн дагуу ЭМЯ болон Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хамтарсан баг Нийслэлийн дүүргүүдийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн орны ачаалал, томуу, төст өвчний байдалтай танилцлаа.
 
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ
Нийт 458 ортой, үүнээс хүүхдийн эрчимт эмчилгээний 5 ор, хүүхдийн хэвтэн эмчлүүлэх 180 ортой үйл ажиллагаа явуулдаг. Энэ сарын 07-ны өдөр 172 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Эрчимт эмчилгээнд 5 хүүхэд байна. Насанд хүрэгчдийн тасгаас 2 палат суллаж, нэмэлт ор дэлгэн орны зохицуулалт хийсэн.
Өдөрт хүлээн авахаар үйлчлүүлэхээр ирсэн хүүхдүүдийн 80 хувь нь амьсгалын замын ямар нэг үрэвсэлт өвчтэй байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өвчлөл нэмэгдсэн боловч жил бүр энэ үед нийтлэг өвчлөл нэмэгддэг тэр хэмжээндээ байна. Коридори болон зориулалтын бус газарт хүүхэд хэвтүүлээгүй байв. Орны хүлээгдэл байхгүй. 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ
Нийт хүүхдийн 125 ортой бөгөөд өнөөдрийн байдлаар 132 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Эрчимт эмчилгээ 3 ортой, 3 хүүхэд эмчлүүлж байна. Нэмэлтээр 35 ор дэлгэн ажиллаж байна. Коридор болон зориулалтын бус газарт хүүхэд хэвтүүлээгүй байв.
Тус эмнэлгийн статистик мэдээгээр хүүхдийн өвчлөл энэ сард нэмэгдсэн, өмнөх оны мөн үед ч нэмэгдэж байсан байна.  Амьсгалын замын өвчлөл дийлэнх хувийг эзэлж байгаа ба амьсгалын замын өвчнөөс үүдэлтэй ходоод гэдэсний хямралтай хүүхдийн тоо нэмэгдэж байна.
Энэ сарын 07-ны өдрийн 12 цагийн байдлаар хүлээн авах тасгаар 45 хүүхэд ирж үйлчлүүлснээс 3 нь хэвтэж, бусад хүүхдэд зөвлөгөө өгч гэрт нь буцаасан.   
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ
Тус эмнэлэг хүүхдийн 75 ортой, хүүхдийн 6 их эмч ажилладаг. Энэ өдрийн байдлаар тус эмнэлгийн хүүхдийн тасагт 128 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн 90 хувийг 6 сартайгаас 3 насны хүүхэд эзэлж байна. Мэдрэлийн тасаг, хөнгөвчлөх эмчилгээний өрөөнүүдэд 58 орыг нэмж дэлгэсэн байна.
Энэ сарын 07-ны өдрийн 13 цагийн үед 56 хүүхэд ирснээс 8 хүүхдийг хэвтүүлсэн. 48 хүүхдэд зөвлөгөө өгч буцаасан байна. Орны ачааллыг бууруулах зорилгоор нэмэлт ор дэлгэн ажиллуулж байна. Хүлээн авах дээр 2 эмч, 2 сувилагч ажиллаж байв.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭСНЭЛЭГ
Энэ сарын 07-ны 12 цагийн байдлаар нийт хүүхэд 82, гарсан 6 хүүхэд. Хүлээн авахаар нийт 36 хүүхэд ирж үзүүлснээс 2 хүүхэд хэвтсэн, 34 хүүхдэд зөвлөгөө өгч буцаасан. Амьсгалын замын өвчлөл зонхилж байна. Мөн тууралтат халдварууд ирж байна. Ажилчдын амралтын өрөө,  тоглоомын өрөө, хувцас солих,  уулзалтын өрөө, физик эмчилгээний өрөө, задгай вестибюльд 23 дэлгэж, дотрын тасгийн 17 орыг  хүүхдийн оронд шилжүүлсэн байна. 
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ
Энэ сарын 07-ний өдрийн 11 цагийн байдлаар нийт 177 хүүхэдтэй 157 хүүхэд амьсгалын замын өвчтэй байна. Амьсгалын замын хүнд өвчтэй 2 хүүхэд байна. Хүлээн авахаар 116 хүүхэд ирснээс 40 хүүхэд хэвтсэн байна.  Хүүхдийн 1-р тасаг буюу 2 давхар зүүн жигүүрийн задгай палат 8 хүүхэдтэй баруун жигүүрийн задгай палат 2 хүүхэдтэй, 6 ор сул байна. Задгай палат буюу вестибюльд 17, эмчилгээний өрөөнд 6, ажилчдын өрөө 3, физик эмчилгээний өрөөнд 6 ор дэлгэсэн байна.
БАЯНГОЛ ДҮҮРЭГ
Энэ сарын 07-ны байдлаар 206 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хүлээн авахаар үзүүлсэн 79, хэвтсэн 30, буцсан 49, хүнд хүүхэд 6 байна. Өглөөний 8 цагаас 12 цаг хүртэл 42 хүүхэд ирж үзүүлсэн. Үүнээс 7 хүүхэд хэвтэж, 35 хүүхдэд зөвлөгөө өгч буцаасан байна. Амьсгалын замын өвчлөл зонхилж байна. Хүүхдүүд өндөр халуурч бөөлжиж, гүйлгэсэн гэсэн зовиуртай ирж байна. Хүлээн авах дээр ачаалал их байна. Хүүхдийн тоглоомын өрөөнд 16, хуучин эрчимтийн өрөөнд 14 ор тус физик эмчилгээний өрөөнд 6, сувилагчийн өрөөнд 4 эмч нарын өрөөнд 5 тус нэмэлтээр байрлуулсан байна.

Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ:
  • Хүүхдийн өвчлөл нэмэгдэж, ачаалал ихэссэнтэй холбоотой дүүргүүдийн Нэгдсэн эмнэлэг дотоод зохион байгуулалтын өөрчлөлт хийж ажиллаж байна. Тухайлбал өрөө, тасалгааны хүртээмж, боломжоос шалтгаалан уламжлалтын тасаг, насанд хүрэгсдийн палатыг суллаж нэмэлтээр ор дэлгэн ажиллуулж байна.
  • Амралтын өдрүүдэд эмч нар хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийг эрэмбэлэн ангилж, зөвлөгөө өгч эмнэлгээс гаргаж байна.
  • Хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт нэмэлтээр эмч, сувилагч ажиллуулж байна.
  • ЧД-ийн ЭМТ-д ажлын 5 өдөр болон хагас, бүтэн сайн өдрүүдэд тодорхой хуваарийн дагуу жижүүр эмчийг нэмэлтээр ажиллуулж байна.
  • БГД-ийн хувьд ажлын ачаалал ихэссэнтэй холбоотой нэмэлтээр эмч ажиллуулж байна гэж ЭМЯ-наас мэдээлэв.
 


Сурталчилгаа
Монгол брэнд