top banner

Хөвсгөл аймгийн ХДТ-ийн "Этүгэн тэнгэрийн дуудлага" тоглолт боллоо


2018-04-09 21:52:21
Зураг
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хөгжимт драмын театрын хамт олон "Этүгэн тэнгэрийн дуудлага" уран бүтээлийн тоглолтоо Залуучууд театрын тайзнаа тоглолоо. Анх 2014 онд Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн, бүжиг дэглээч С.Сүхбаатарын санаачлагаар олны хүртээл болсон тус тоглолтыг Дархан-Уул аймагт ажиллаж амьдарч буй Хөвсгөлчүүддээ толилуулахаар нутгийн зөвлөлийн дэмжлэгтэйгээр хүргэлээ. 

"Этүгэн тэнгэрийн дуудлага" концерт нь үндэсний соёл урлагийг түгээн дэлгэрүүлэх, олон ястны буюу Хөвсгөл нутгийн 6 ястны соёл, зан заншлыг илэрхийлсэн гэдгээрээ онцлогтой аж.  54 уран бүтээлч оролцож, хоёр цагийн турш үргэлжилсэн уг тоглолт танхим дүүрэн үзэгчтэй байлаа. Тоглолтоор бөө мөргөл, цаатан ахуйн соёл, аж байдал, ардын язгуур урлагийг олон нийтэд сурталчлан таниулах, цаашлаад тив дэлхийд Монголын урлагийг хүргэхэд чиглэгдсэн гэдгийг тус театрын ерөнхий найруулагч МУСТА М.Гонгорсүрэн онцоллоо.
Хөвсгөл аймгийн харъяат 1000 гаруй иргэн Дархан-Уул аймагт ажиллаж амьдардаг аж. Тус тоглолтыг зохион байгуулахад Дархан-Уул аймаг дахь Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын нутгийн зөвлөлийнхөн хамтран ажиллажээ.
Дөрвөн жилийн хугацаанд Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Ховд, Завхан зэрэг Монгол Улсын томоохон аймаг, хотуудад тоглож байсан аж. Түүнчлэн Европын 40 орчим улс, хотуудад гурван сарын хугацаанд аялан тоглолт хийж Монголын урлагийг дэлхийд таниулсан ажээ.
Дашрамд Хөвсгөл аймгийн хөгжимт драмын театр 1975 онд байгуулагдсан 43 жилийн түүхтэй мэргэжлийн таетр аж. Урлагийн байгууллага үүсч хөгжсөний 83 жил энэ онд тохиож байгаа аж.
Л.Отгонбаатар


Сурталчилгаа
Монгол брэнд