top banner

Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг төсөл Сэлэнгэ аймаг хэрэгжинэ


2018-04-09 23:06:56
Зураг
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. “Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төслийн танилцуулга Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд өнөөдөр буюу 9-ний өдөр боллоо.
Энэхүү төслийн танилцуулгыг Германы олон улсын хамтын ажиллагааны ЭТИС хөтөлбөрийн чиглүүлэгч багш Ч.Оюун-Эрдэнэ танилцуулсан. Тус төсөл нь Монгол Улсын Сэлэнгэ, Баянхонгор, Увс аймагт 2017 оны есдүгээр сараас 2020 оны 6 сар хүртэл хэрэгжих юм. Төслийн танилцуулгад төрийн байгууллага, ИНБ, ЖДҮ, аялал жуулчлалын хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн төлөөллүүд оролцлоо. Тэд төсөлд оролцох бидний үүрэг оролцоо, бусдаас ямар дэмжлэг авах хүсэлтээ байгаагаа илэрхийлж зорилгоо тодорхойлсон юм. Энэхүү төслийн гол зорилго нь Сэлэнгэ аймгийн ард иргэдийн үндсэн орлого дээр тогтвортой аялал жуулчлалаас олох орлогыг нэмэх замаар ядуурлыг бууруулахад чиглэгдэж байгаа юм байна. Тодруулбал эдийн засгийн хүртээмжтэй байдал гэдэг нь ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдэд хүртээмжтэй байлгах үндсэн зарчим ажээ. Уг төслийн үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газар ажиллах бөгөөд санхүүжүүлэгч нь Германы ОУ-ын нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөр, TICA ажиллах юм байна.
Төслийн хүрээнд Аялал жуулчлалын эко бүтээгдэхүүн болон үнэ цэнийн гинжин хэлхээг Монгол Улсын гурван аймагт бий болгосноор үйл ажиллагааны үр дүн гарах аж. Энд аялал жуулчлалын нөхцөл байдлын судалгаа хийх, орон нутгийн аялалын хөтөлбөрийн загвар гаргаж, брэнджүүлэх, мөн орон нутгийн бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйлсийн дизайн, үйлдвэрлэл, менежментийн тал дээр чадавхийг сайжруулах үйл ажиллагаанууд явагдах ажээ. Төслийн танилцуулга маргааш үргэлжилнэ.
Ч.Отгонцэцэг

Монгол брэнд