top banner

Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа үндэслэлгүй учраас боловсон хүчний илүүдэл үүсдэг


2018-04-10 09:57:06
Зураг
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөл, Мэргэжлийн боловсрол сургалтын салбар зөвлөл, Европын холбооны Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих-2 төсөл, Швейцарын хөгжлийн агентлагийн Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурсан билээ.
Одоо тус   аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Ховд их сургууль, Хөгжил Политехник коллеж, Үйлдвэрчний эвлэлийн байгууллага, Ажил олгогч эздийн холбоо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг судлах арга зүйд тулгуурласан “Ховд аймгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, үр дүнгийн тоон болон чанарын судалгаа”-г энэ  оны 04 дүгээр сараас 06 дугаар сар хүртэлх хугацаанд 17 сумын 91 багийн хэмжээнд зохион байгуулах гэж байна.
Энэ хүрээнд судалгааны бэлтгэл ажлын талаар хэлэлцэх, орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаа хийх багийн ажлын нэгдсэн төлөвлөгөө гаргах зорилгоор аймгийн “Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөл, Мэргэжлийн боловсрол сургалтын салбар зөвлөлийн зохицуулах баг”  хуралдав.
Хуралдаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, Швейцарын хөгжлийн агентлагийн Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн зөвлөх Иван Такач болон аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөл, Мэргэжлийн боловсрол сургалтын салбар зөвлөлийн зохицуулах багийн 10 гаруй гишүүн оролцож, орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгааны ажлын төлөвлөгөө, ажил гүйцэтгэх график төсөл, судалгаа шинжилгээ хийх үйл явц, судалгааны үр дүнг тайлагнахад шаардагдах зардлын нэгдсэн төсөв, түүний задаргаа, уг судалгаанд ажиллах баг, түүний ажил үүргийн хуваарь, хуралдааны тогтоол зэргийг хэлэлцэж баталлаа.
Ховд аймаг өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 87,5 мянган хүн амтай байна. Үүнээс хөдөлмөрийн насны хүн ам 56,3 мянга, эдийн засгийн идэвхтэй хүн ам 39,7 мянга буюу нийт хүн амын 70,6 хувийг эзэлж байна. Хөдөлмөр эрхэлж байгаа хүн ам 33,8 мянга, үүнээс 20-35 насны залуучууд 18,5 мянга буюу 54.7 хувь байна. Мөн аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс өнгөрсөн  оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар нийт 818 ажил олгогч аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс 1444 сул ажлын байрны захиалга авч, 1335 иргэнийг ажлын байранд зуучилсан байна. Ажилд зуучилсан иргэдээс 823 иргэн байнгын, 170 иргэн улирлын түр ажлын байранд орж ажилласан байна.
Харин энэ оны 3 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар хөдөлмөр эрхлэлтийн хэлтэст бүртгэлтэй 2025 ажил хайгч иргэд байгаагаас 476 хүн буюу 23 хувь нь дипломын болон бакалаврын зэрэгтэй мэргэжилтэй боловсон хүчин байгаа гэсэн судалгаа гарчээ. Энэхүү статистик мэдээллээс дүгнэхэд Ховд аймгийн хэмжээнд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлоогүйгээс боловсон хүчний илүүдэл үүсч, нөгөө талаас ажилгүй иргэдийн тоо өсч, сүүлийн 3 жил дараалан нэмэгдээд байна. Иймд аймгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судалгааг хийх нь хүн ам ялангуяа залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр бодлого, үйл ажиллагаа зохион байгуулахад чухал ач холбогдолтой болохыг аймгийн “Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөл, Мэргэжлийн боловсрол сургалтын салбар зөвлөлийн зохицуулах баг”-ийн гишүүд онцлон хэлэв.
Цаашид орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн эрэлт, нийлүүлэлтийн судалгааны баг ажил эрхлэгчид болон ажил олгогчдын, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд суурилсан бүтээгдэхүүн нийлүүлэлтийн, төгсөгчдийг ажлын байраар хангах эрэлтийн, ажил эрхлэлтийн талаар тандалт, эрэлттэй мэргэжлийн, аймгийн хувийн хэвшлийн ажил олгогч байгууллагуудын дундаж цалин хөлсний зэрэг судалгааг хийх юм.
  
А.Бямбасүрэн

Сурталчилгаа
Монгол брэнд