top banner

Судалгаа: Хөгшрөлт бол өвчин учраас түүнийг эмчлэх боломжтой???


2018-04-10 11:39:56
Зураг
ЛОНДОН./BBC/. Хэзээ ч эмчлэгдэхгүй хэмээн тооцогдож буй хөгшрөлт гэдэг жам ёсны “өвчнийг” бид хэзээ нэгэн цагт анагаах боломжтой уу? Зарим мэргэжилтнүүд үүнд “болно” гэсэн хариулт өгч байна. Төрөл бүрийн вакцинууд, хүчтэй эмийн ач тусаар хүмүүс бид үхлийн аюултай бактери болон вирусуудыг устгаж чаддаг болсон билээ.

Хүмүүсийн эмчилж чаддаг болсон өвчнүүдийг тоочвол үнэхээр олон. Тархи-нугасны халдварт саа, хижиг, улаан бурхан, татран, шар чичрэг, салхин цэцэг, сахуу зэрэг өвчнүүдээс дэлхийн олон бүс нутаг бүрэн ангижраад байна.    

Гэтэл ямар ч сайн чадварлаг эмчийн эмчилж чадахааргүй “хөгшрөлт” хэмээх өвчинд бид нэрвэгдсэн хэвээр. Хөгшрөхөөс хэн ч бултан зайлж чадахгүй, хэн ч хөгшрөлтийг эмчилж чадахгүй байгаа нь үнэн.

Хөгшрөхийн хэрээр бидний бие организмын эсүүд өмнөх шигээ ажиллаж чадахаа больдог ба үүний улмаас  зүрх судасний өвчин, Альцгеймерийн өвчин, хорт хавдар үүсдэг. Насжилттай холбоотой янз бүрийн өвчнүүд өдөр бүр 100 мянган хүний амь насыг авч одож бөгөөд хүмүүний мөнх бус бие махбодийн хөгшрөлтийг богино хугацаагаар ч болов уртасгахын тулд асар их хөрөнгө зарцуулж байна.  

Гэхдээ зарим судлаачдын үзэж байгаагаар, хөгшрөлтийн талаарх бидний ойлголт үндсээрээ буруу байгаа гэнэ. Тэдний бодлоор, өвчнийг эдгээдгийн нэгэн адилаар хөгшрөлтийг ч мөн адил анагааж болох ажээ.
Хөгшрөлтийг удаашруулах тэр ч байтугай түүнийг зогсоох аргыг эрэн хайж буй зарим эрдэмтэдтэй бид уулзаж ярилцлаа. Тэдний гол итгэл найдвар нь шинжлэх ухааны сүүлийн үеийн ололтуудад тулгуурлаж байгаа ажээ. 

Биологийн үүднээс бол, бие организм нь генийн болон хүрээлэн буй орчны хүчин зүйлүүдээс хамааран харилцан адилгүй хурдтайгаар хөгширдөг байна. Бидний ДНХ-д гарсан өчүүхэн саатлууд хуримтлагдсанаар, эсүүдийн үйл ажиллагаанд алдаа гарч хуримтлагдсанаар эд эсүүд гэмтдэг.
 
Бие организмд эдгээр өөрчлөлт ямар хэмжээнд гарсан бэ гэдгээс эрүүл сайхан өтлөх үү, өвчин зовлонд баригдан өтлөх үү гэдэг нь хамаардаг байна.
 
Хүний хөгшрөлтийг удаашруулж эсвэл эмчлэн зогсоож болно хэмээн найдаж буй эрдэмтдийн үйл ажиллагаа дөнгөж эхлэлийн шатандаа байна.
 
Гэсэн хэдий ч уг асуудлыг хамгийн гол шийдвэрлэх зорилтоо болгосон судалгааны төвүүд дэлхий дээр хангалттай олон бий. Амьтад дээр хийсэн туршилтуудын үр дүнг харвал, тэдний амьдрах хугацааг нь үлэмж хэмжээгээр уртасгаж болох нь харагдсан.  Ийм туршилтуудыг хүн дээр хийж болно гэсэн найдвар ч бий болсон. Тухайлбал, чихрийн шижинг эмчлэх зориулалттай метформин гэдэг эм нь хархнуудын амьдрах хугацааг уртасгадаг болох нь судалгааны явцад тогтоогдсон байх жишээтэй.    
 
1990-ээд оны эхээр судлаач Синтия Кеньон /одоо Calico Labs судалгааны төвийн дэд ерөнхийлөгч/ нэгэн туршилт хийх явцдаа дугариг хорхойны генийн кодыг ганцхан үсгийг өөрчлөхөд л наслах хугацаа нь 3 долоо хоногоос 6 долоо хоног болж хоёр дахин уртасч байжээ. Calico Labs бол Google-д харьяалагддаг Alphabet компанийн нэгэн салбар бөгөөд хүний биологийн тогтолцоо нь амьдрах хугацааг нь хэрхэн хянан зохицуулдаг вэ гэдгийг тодорхойлох зорилгоор хамгийн орчин үеийн технологиудыг ашигладаг төв юм.   
 
Насжилт судлалаар дэлхийд нэрд гарсан  Их Британийн эрдэмтэн Обри Ди Грей-гийн /Aubrey De Grey/  ярьснаар бол, дээрх аргаар хүний насыг ч мөн адил уртасгаж болох гэнэ. Ди Грей бол SENS (Strategies for Engineered Negligible Senescence/ гэдэг сангийн захирал бөгөөд уг сангийн зорилго нь дунд болон ахимаг насны хүмүүсийн оюуны болон биеийн хүчний чадавхийг 30 хүрээгүй хүнийхтэй ижил түвшинд хүргэх зорилгоор иж бүрдэл эм бэлдмэлийг гарган авах явдал ажээ.   

Ди Грей-гийн үзэж байгаагаар, насжилттай холбоотой өвчнүүдийн эх үүсвэр болдог, хөгшрөлтийг дагалдан бий болдог эсийн гэмтэлд нөлөөлдөг биологийн 7 гол хүчин зүйл байдаг байна. 
 
Юуны түрүүнд, эсүүд хангалттай хурдан сэргэж чадахгүй болдог нь хамгийн эхний шалтгаан юм. Нөгөө нэг хүчин зүйл бол эсүүд ямар ч хяналтгүйгээр хуваагдаж эхэлдэг явдал. /хорт хавдрын үед ажиглагддаг/. Гуравдугаарт, эсүүд “үхэх ёстой цагтаа” үхдэггүй байна. Энэ нь мөн хорт хавдартай холбоотой. Дөрөвдэх шалтгаан нь бидний биеийн эсүүдийн эрчим хүчний бяцхан станц болох митохондруудын ДНХ гэмтдэгтэй холбоотой. Тавдугаарт, эсүүдийн дотор задралын бүтээгдэхүүнүүд хуримтлагдах явдал. Зургадугаарт, эсүүдийн гадна талд задралын бүтээгдэхүүнүүд хуримтлагдах явдал. Долдугаарт, эд эсүүдийн сунаж агших чадварыг тодорхойлдог эсийн гадуурх матриц болон эс хоорондын бодисын хатуулаг нэмэгдэх зэрэг нь хүнийг хөгшрөхөд хүргэдэг байна. 
 
 Ди Грей болон SENS сангийн судлаачид эдгээр хүчин зүйлүүдийг “ялан дийлж” болох аргуудыг олсон тухайгаа ярьж байна. Тухайлбал, эхний асуудлыг үүдэл эсийн эмчилгээ хийснээр шийдэж болно гэдгийг Ди Грей хэллээ. Бие организмын эд эсүүд шинэ залуу эсүүдийг хүлээн авснаар хөгшрөлтийн явцад үхэж буй хуучин эсүүдийг орлох болно.
 
Харин “үхэх ёстой цагтаа” үхэхгүй байгаа эсүүдийн хувьд нэлээд ярвигтай арга хэрэглэнэ. “Генүүдэд нөлөөлснөөр бие организмд “амиа хорлогч генүүд” бий болох бөгөөд тэдгээр нь эсийг үхүүлэгч уургийг ялгаруулна” хэмээн Ди Грей тайлбарлалаа. Эл үйл явцад тохиолдох гол бэрхшээл бол бие организмд хэрэггүй болсон эсүүдэд зориулан үхлийн уураг ялгаруулж чадах генүүдийг гарган авах явдал юм.
 
Хэдийгээр эдгээр арга нь хөгшрөлтийг бүрэн зогсоож чадахгүй боловч хүний насыг 30 жилээр уртасгах боломжийг олгоно. 
 
“Залуужуулах технологи”-ийг хэрэглэснээр ирээдүйд өндөр настнуудын бие организмын эсүүдийг залуу байх үеийнхтэй нь адилхан ажиллуулж чадна гэдэгт Ди Грей бүрэн итгэлтэй байна. Жишээ нь, 60 настай хүнийг биологийн 30 насанд нь буцаан аваачих боломжтой. Гэхдээ тухайн хүний эсүүд нь 30 жилийн дараа дахиад л 60 настай хүнийх шиг болох гэнэ. Тухайн цаг үед нь эмчилгээг дахиад хийх боломжтой бөгөөд 150 насанд нь тухайн хүний бие организмыг 60 настай хүнийх шиг байлгах боломжтой ажээ.
 
Гэхдээ иймэрхүү амлалтад болгоомжтой хандах хэрэгтэй. Бидний бие организм иймэрхүү “программын апдейт”-ийг ямар нэгэн хүндрэлгүйгээр хүлээж авна гэдгийг туршилтаар батлаагүй байгаа билээ.  Компьютертай нэгэн адилаар хэтэрхий олон апдейт хийх аваас системийг бүхэлд нь зогсоож магадгүй.
 
Харин Ди Грей-гийн үзэж байгаагаар, ийм маягийн сэтгэлгээ /хөгшрөлт зайлшгүй гэсэн ховсдолтонд автах/ нь эмчилгээний технологи хөгжихөд саад тотгор болж байна. Хүмүүс бид хөгшрөлтийг зайлшгүй жам ёсны үзэгдэл гэж үзсээр байгаад л гол учир нь бий. Үүний улмаас хөгшрөлтийг ялан дийлэх гэсэн аливаа оролдлогыг шинжлэх ухааны эсрэг зүйл, хууран мэхлэх үйлдэл гэж үзсээр байгаа юм.
 
Ди Грей бол хөгшрөлттэй холбоотой өвчнүүдийг ялан дийлж болно гэж үздэг цорын ганц хүн биш ээ. Харвардын их сургуулийн ген судлаач Жорж Черч-ийн хувьд ийм төрлийн өвчнүүдийг эмчлэх боломжгүй хэмээн ярьдаг мэргэжил нэгт нөхдийнхөө хандлагыг буруу гэж үздэг. “Хэрвээ хүрээлэн буй орчин болон удамшил зүйг /генетик/ залж чиглүүлж чадах юм бол хүмүүс бид эрүүл саруул, залуу байж, одоогийнхоос хамаагүй урт наслах боломжтой” гэж тэрбээр ярьж байна.  
 
Амьдралыг уртасгах аргуудын нэг бол “вампир эмчилгээ” гэдэг айдас төрүүлэм нэртэй эмчилгээ юм. Нас дээр гарсны улмаас тэнэгрэл /деменция/ өвчин туссан хүмүүст 18-30 настай доноруудын цусыг сэлбэн хийхийг “вампир эмчилгээ” гэдэг аж.  Уг эмчилгээг хийхэд өндөр настай хүмүүсийн биеийн байдал сайжирч байсныг саяхан хийсэн судалгаа харуулсан юм. Эмчилгээний дүнд Альцгеймерийн өвчний эхний шатанд байгаа өвчтөн хувцсаа өмсч, нүүр гараа угааж чаддаг болсноос гадна ойр зуурын гэрийн ажлыг хийж байжээ.
 
Ийм төрлийн судалгааг үргэлжлүүлэн хийсээр байгаа бөгөөд тухайлбал, Америкийн “Амброзиа” гэдэг старт-ап компани өндөр настай өвчтөнүүдэд 16-25 настай доноруудын цусыг сэлбэх үйлчилгээг санал болгож байгаа бөгөөд нэг удаагийн сэлбэлт нь 8 мянган долларын үнэтэй аж. Тус компанийн төлөөлөгчийн ярьснаар бол, цус сэлбэснээр өтөлж доройтсон бие организмын унтаа эсүүд “сэрж”, Альцгеймерийн өвчний эхний шатанд байгаа өвчтөний биеийн байдал сайжирч, тэр ч байтугай 60 настай хүний үс бууралтах нь багасах аж.


 
“Амброзиа” компанийн судалгааны тайлан шинжлэх ухааны сэтгүүлүүдэд хараахан нийтлэгдээгүй байна. Эл судалгаанд үл итгэгчдийн зүгээс “плацебогийн нөлөөллийг харгалзан үзээгүй” хэмээн шүүмжилж байгаа юм.
 
Гэсэн хэдий ч амьтад дээр хийсэн хэд хэдэн туршилтаас харвал, эмчилгээний ийм арга нь биологийн үндэслэлтэй байж магадгүй. Залуу амьтны цусан дахь GDF11 бодисын тусламжтайгаар хулганын булчингийн хүчийг нэмэгдүүлж болно гэдгийг 2013 онд Харвардын их сургуулийн эрдэмтдийн явуулсан үүдэл эсийн туршилт харуулсан юм. Харамсалтай нь, дараа дараагийн туршилтаар ийм үр дүнд дахиад хүрч чадаагүй байна.
 
Лабораторийн иймэрхүү туршилтуудыг үгүйсгэдэг зарим судлаачид “ердөө илчлэг багатай хоол хүнс хэрэглэснээр амьдрах хугацаагаа уртасгаж болно” гэж үздэг.
 
Харин үхлийг эмчилж болох тухайд? Шинжлэх ухаан хэзээ нэгэн цагт үхэгсдийг амь оруулж чаддаг болох тэр цагийг хүлээхийн тулд дөнгөж нас барсан хүний биеийг хөлдөөх хувилбарыг зарим хүмүүс сонгож байна. Хөлдөөх үйлчилгээ үзүүлдэг компаниудаар үйлчлүүлсэн хүмүүсийн хэн нь ч амьдралд буцаж ирээгүй байгаа билээ.  
 
Америкийн ирээдүй судлаач, зохион бүтээгч Рей Курцвейл “хиймэл хүн” бүтээснээр үхэшгүй мөнхийн хутгийг олох өөр нэгэн хувилбарыг санал болгож байна. “Нанотехнологийн тусламжтайгаар биологийн бус биеийг бий болгож болно, виртуаль бие болон виртуаль бодит байдлыг бий болгож болно. Ингэснээр виртуаль биеүд нь жинхэнэ биологийн бие шиг үнэмшилтэй болно” гэж тэрбээр ярьж байна.  
 
Иймэрхүү санаанууд нь галзуу солиотой мэт санагдаж магадгүй, ийм санааг шинжлэх ухааны уран зөгнөл гэж дүгнэхэд маш амархан. Гэхдээ ямар ч арга замаар амьдралыг уртасгах боломжтой боллоо ч гэсэн энэ нь нийгэмд томоохон асуудал үүсгэх болно. Хүний насыг уртасгах нь манай гарагийн хүн амыг хэт олшроход хүргэж магадгүй. Ди Грей-гийн ярьснаар, нас уртасгах технологи нь зөвхөн баячууд болон дарангуйлагчдын гарт байдаг зэвсэг болчих юм биш биз гэсэн асуултыг хүмүүс түүнд олонтоо тавьдаг аж.
 
Насыг уртасгах боломжтой болсон тэр үед өөр бусад технологиуд бий болж, тэдгээрийн тусламжтайгаар хиймэл хүнсний бүтээгдэхүүнүүд гарган авч, нарны эрчим хүч болон бусад эх үүсвэрийг үр дүнтэй ашигласнаар маш олон тооны хүн манай бяцхан гараг дэлхий дээр урт удаан, амар амгалан амьдрах боломжтой гэж Ди Грей үзэж байна. 
 
Гэхдээ түүний хийсэн дүгнэлтүүдийн учир дутагдалтай тал нь юунд байна вэ? Үр дүнг нь бид бүхэн дөнгөж тааварлах төдий байгаа технологийн ололтууд дээр дөрөөлөн тэрбээр таамаглал дэвшүүлж байгаад л сул тал нь оршино.
 
Гэхдээ энд нэг зүйлийг заавал санах хэрэгтэй. Хэрвээ бид бүхэн иймэрхүү болгоомжлолд автаад вакцин, антибиотикийг гарган авсан эрдэмтдийн судалгаанд саад хийгээд байсан бол орчин цагийн хүмүүсийн нас 40-өөс хэтрэхгүй байх байлаа.
 
Сүүлийн хоёр зууны туршид бий болсон анагаах ухааны ололтууд нь өвчнийг ялан дийлэх боломжийг бидэнд олгосон. Тэгэхээр хөгшрөлтийг ч мөн ялан дийлж чадах ч  юм билүү?
 
Орчуулсан Б.Адъяахүү
 
Эх сурвалж: http://www.bbc.com/future/story/20180203-the-ambitious-quest-to-cure-ageing-like-a-disease
 
https://www.bbc.com/russian/vert-fut-43415467
 
 


Сурталчилгаа
Монгол брэнд