top banner

Арвайхээр сум зорилтот жилийн нээлтээ хийлээ


2018-04-10 16:29:33
Зураг
Өвөрхангай /МОНЦАМЭ /.  Арвайхээр сумын ИТХ-аас 2018 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлаж, 4 дүгээр сарын 10-ны өдөр нээлтээ хийлээ.
2017 оны жилийн эцсийн үзүүлэлтээр тус суманд 11 хүүхэд гэмт хэрэгт оролцож, 17 хүүхэд гэмт хэрэгт сэжиглэгдэж, 11 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 33 хүүхэд сэтгэл зүй, бие махбодийн хохиролд өртсөн бол насанд хүрээгүй охидын жирэмслэлт  29, үүнээс төрөлт 19, үр хөндөлт 7 байгаа юм. Мөн бэлгийн замын халдварт өвчтэй 8 хүүхэд байгаа ба нэг хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ.
Энэ мэт тоон үзүүлэлтүүдэд тулгуурлан зорилтот жилийг ийнхүү зарлаад байгаа ба хүүхдүүдийн сурлагын чанараас илүү хүмүүжил, төлөвшилд анхаарна гэдгийг сумын Засаг дарга Д.Пүрэвдорж хэллээ. Зорилтот жилийн хүрээнд сум дахь СӨББ, ӨЭМТ, бизнесийн байгууллагуудтай хамтран зорилтот бүлгийн хүүхдүүдэд туслах, тураалтай болон өсөлтийн хоцрогдолтой хүүхдүүдийг асарч сувилах зэргээр олон ажлыг төлөвлөөд байгаа аж.
Б.Батчимэг

Монгол брэнд