top banner

Эрүүл мэндийн сайд Монгол, БНЧУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хуралдаанд оролцож байна


2018-04-10 16:55:12
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНЧУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын ээлжит долдугаар хуралдаан энэ сарын 9-10-нд Прага хотноо болж байна.
Засгийн газар хоорондын хамтарсан комиссын Монголын хэсгийн даргаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Чехийн хэсгийн даргаар Үйлдвэр, худалдааны дэд сайд Эдуард Мужицкий нар ажилладаг бөгөөд энэ удаагийн хуралдаанаар хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрүүл мэнд, байгаль орчин, уул уурхай болон хөгжлийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож байгаагийн зэрэгцээ талуудын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, цаашдын хамтын ажиллагааны чиг хандлагыг тодорхойлох юм.
Хуралдааны эхний өдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл БНЧУ-ын Эрүүл мэндийн дэд сайд Радек Полицартай эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар хоёр талын уулзалт хийсний зэрэгцээ тус улсын хамгийн том эмнэлэг болох Мотол болон жилдээ 40 мянган гаруй эмнэлгийн ор үйлдвэрлэгч “Линет” компанийн үйл ажиллагаатай нь танилцлаа.
Түүнчлэн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн, УИХ дах Монгол-Чехийн Найрамдлын бүлгийн дарга Х.Нямбаатар нар БНЧУ-ын Парламентын дээд танхим болох Сенатын танхимаар зочилж Сенатын танхимын гишүүн, тус танхим дахь Европын холбооны асуудал хариуцсан дэд дарга Ярослав Доубраватай уулзалт хийв.
Манай улс БНЧУ-тай эрүүл мэндийн салбарт олон жилийн турш хамтарч ажиллаж байгаа бөгөөд 1971 онд Чехийн компаниуд Улаанбаатар хотын Нэгдүгээр эмнэлгийг барьсан билээ. Цаашид эрүүл мэндийн үйлчилгээний чиглэлээр болон эмнэлгийн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх, эмч мэргэжилтнүүдийг сургахаар төлөвлөж байна гэж ЭМЯ-наас мэдээлэв.


Сурталчилгаа
Монгол брэнд