top banner

Сагсан бөмбөгийн олон улсын тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг хүлээн авч уулзав


2018-04-10 23:34:22
Зураг
Орхон/МОНЦАМЭ/ ХБНГУ-ын Берлин хотноо болсон “International EasterCup 2018” сагсан бөмбөгийн тэмцээний 13,14,16 насны ангилалд алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн Орхон аймгийн таван тамирчинг аймгийн Засаг дарга Д.Батлут хүлээн авч уулзлаа.
Гуравдугаар сарын 29-өөс энэ сарын 2 хүртэл үргэлжилсэн уг тэмцээн 43 дахь жилдээ болж байгаа бөгөөд Монгол Улс хоёр дахь удаагаа оролцож байна. Энэ жилийн тэмцээнд Орхон аймгаас 13-16 насны таван сурагч, дасгалжуулагчийн хамт явжээ. Үүнээс  U-13 насны ангилалд “Орхон” цогцолбор сургуулийн 8а ангийн сурагч Н.Гантулга, “Баян-Өндөр” цогцолбор сургуулийн сурагч Э.Буянтогтох нар алт, U-14 насны ангилалд “Мон-Турк” сургуулийн  сурагч С.Сүхбат, 19 дүгээр сургуулийн /Орос сургууль/ сурагч Н.Төгөлдөр-Очир мөнгө, 14 дүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагч О.Билгүүдэй хүрэл медаль хүртжээ. Тамирчдын зардлын тодорхой хувийг орон нутгаас гаргасан байна.
Тамирчдыг 8 дугаар сургуулийн биеийн тамирын багш, спортын мастер Д.Тунгалаг бэлтгэж дасгалжуулсан байна. Тэрээр 2000 оноос хойш “Залгамж” клуб байгуулж сагсан бөмбөг сонирхогчдод хичээл зааж байна.  
“International EasterCup 2018” тэмцээнд нийт 26 улсын тамирчин оролцсоноос Азиас ганцхан Монгол Улс оржээ. Монголоос 13-16 насны 79 тамирчин, багш, дасгалжуулагчтайгаа нийлээд 92 хүн ХБНГУ-ыг зорьсон байна.  Монгол тамирчид довтолгоо, техник, багийн тоглолтоороо илт давуу байсан гэнэ.
Б.Оюун-Эрдэнэ


Сурталчилгаа
Монгол брэнд