top banner

Орон нутгийн тусгай хамгаалалттай Баян-Өндөр хайрханыг тахина


2018-04-10 23:36:14
Зураг
Орхон/МОНЦАМЭ/ Ирэх сарын 19-нд “Долоон бурхан од”, 20-нд орон нутгийн тусгай хамгаалалтай Баян-Өндөр хайрханыг тахина. Уг арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг томилогдож бэлтгэлээ базааж байна.
Баян-Өндөр хайрханыг тахиж буйн гол шалтгаан нь уул, ус, байгаль дэлхийгээ хайрлах, хамгаалах, аргадах, ирээдүй хойч үедээ уламжлал, зан заншлаа өвлүүлэх олон ач холбогдолтой гэнэ. Баян-Өндөр уул нь ховор ан амьтан, ургамал, жигүүртэн, эмийн ургамал, жимсээр элбэг, баян байсан тул ийн нэрлэжээ. Гучин жилийн  өмнө л хотын төв руу буга, хандгай, чоно хүртэл орж ирдэг байсан гэнэ. Гэвч хотжилт нэмэгдэхийн хэрээр модоо огтолж, жимсээ түүж, байгалиа сүйтгэсээр өдгөө урд энгэртээ ямар ч модгүй болжээ. Иймд аймгийн ИТХ-ын шийдвэрээр орон нутгийн тусгай хамгаалалтад өнгөрсөн онд авсан байна.  Өмнө нь Баян-Өндөр хайрханыг нэг удаа тахиж байжээ.  
Харин “Долоон бурхан од”-ыг монголчууд эртнээс шүтэж ирсэн бөгөөд од тус бүр 12 жилийн аль нэгийг эрхшээж байдаг  тул өөрийн хүсэл, зорилго, эрүүл мэнд, амь нас, үр хүүхдээ даатгаж сүү өргөдөг байна. Энэ уламжлал, зан заншлыг сэргээх, ард иргэдийг соён гэгээрүүлэх, байгаль дэлхийгээ хайрлах сэтгэл төрүүлэх үүднээс энэ арга хэмжээг зохион байгуулж байна гэж буддын шашны төлөөллүүд хэллээ.
 Б.Оюун-Эрдэнэ


Монгол брэнд