top banner

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Ли Жаньшуд бараалхав


2018-04-10 23:44:16
Зураг
Бээжин /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дарга Ли Жаньшуд бараалхаж, Монгол-Хятадын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын халуун дотно мэндчилгээг Байнгын Хорооны дарга Ли Жаньшуд уламжилж, хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэх сонирхолтой байгааг илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын хувиар БНХАУ-д анхны айлчлал хийж буйд баяртай байгаа бөгөөд  энэхүү айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу илэрхийлэв.
Тэрбээр мөн хоёр улсын Ерөнхий сайд нарын албан ёсны хэлэлцээ амжилттай болж, олон чухал тохиролцоонд хүрсэнд баяр хүргээд, "Энэ удаагийн айлчлал хоёр орны улс төрийн илтгэлцлийг бэхжүүлэх, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна” гэв.

Талууд Парламент хоорондын байнгын уулзалтын механизмыг үр дүнтэй  ашиглан хоёр орны харилцааг хөгжүүлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа санал нэгтэй илэрхийлэв. Мөн хоёр талын стратегийн яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааны механизмуудыг бүтээлчээр ашиглах, улс төрийн намуудын харилцааг идэвхжүүлэх нь хоёр улсын түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхэд чухал хэмээн үзэв.

2019 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буйтай холбогдуулан талууд олон чухал арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тохиролцов.

Талууд Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөр, БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгыг уялдуулан хөгжүүлэх хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааны агуулгыг баяжуулах, хоёр улсын худалдааны эргэлтийг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтын төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр БНХАУ-ын Хайнань мужид зохион байгуулагдаж буй Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтад оролцож байна.
 
А.Анхбаяр

Монгол брэнд