top banner

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОУВС-гийн Гүйцэтгэх захиралтай уулзав


2018-04-10 23:53:44
Зураг
Бээжин /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Боаогийн чуулга уулзалтад оролцох үеэр Олон улсын валютын сангийн Гүйцэтгэх захирал Кристин Лагардтай уулзав.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх эдийн засаг хүнд байх үед дэмжлэг туслалцаа үзүүлсэн ОУВС-д талархал илэрхийлээд Монгол Улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлсний дүнд эдийн засгийн өсөлт хурдасч, хөрөнгө оруулалт нэмэгдэн, төсвийн тэнцэл сайжирч буйг тэмдэглэв. Мөн “Монгол Улсын Засгийн газар төсвийн сахилга батыг сайжруулах, зарлагыг багасгах замаар төсвийн алдагдлыг бууруулах, түүнчлэн эдийн засгаа төрөлжүүлж олон тулгуурт болгохыг зорьж байна” гэдгийг онцлов.

Олон улсын валютын сангийн Гүйцэтгэх захирал Кристин Лагард “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцад ОУВС сэтгэл хангалуун байгаа бөгөөд Монгол Улс холбогдох арга хэмжээг үргэлжлүүлэн  хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрбээр мөн ОУВС-гийн ажлын хэсэг 6-р сард Монголд очиж, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар Монгол Улсын холбогдох байгууллагуудтай ярилцахаар төлөвлөж буйг дуулгав.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристин Лагардыг тааламжтай цагтаа Монголд Улсад айлчлахыг урьсан байна.
А.Анхбаяр

Сурталчилгаа
Монгол брэнд