top banner

Б.Хүрэлтогоо:Урин дулаан боллоо гээд санаа амар суух цаг биш


2018-04-11 09:07:38
Зураг
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Хэдийгээр урин дулаан цаг ирж байгаа ирэх өвлийн бэлтгэлийг эртнээс базаах нь  чухал байдаг. Тиймээс “Дархан Дулааны сүлжээ” ТӨХК-ийн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Б.Хүрэлтогоотой энэ талаар ярилцлаа.
 
-Өвлийн ид хүйтэн шувтарч урин дулаан цагтай золголоо. Танайх энэ өвлийг хэрхэн яаж давав. Мэдээж өвлийн бэлтгэлээ хангахын тулд багагүй ажил хийсэн байх?
 
-Манай компани 2017-2018 оны өвлийн их ачааллыг амжилттай даваад ажил үйлчилгээ хэвийн үргэлжилж байна. Энэ өвлийн дулаан хангамжийн системийн хувьд ямар нэгэн эвдрэл сааталгүй хэвийн сайхан өвөлжлөө. Одоогийн байдлаар эх үүсвэрт гурван зуух гурван машины горимтой, сүлжээний хоёр насос ажиллаж байна. Даралтын горимыг бол өнөөдрийн байдлаар өгөх шугам дээрээ 8,5, буцах шугам дээрээ 3,5  байна. Температурын горимыг бол гадна агаартайгаа уялдуулж өгөх шугам дээрээ 75, буцах шугам дээрээ 52 хэмээр барьж байгаа. Сүлжээний усны зарцуулалтын хувьд 2450 тонн усыг дамжуулан түгээж байгаа. Өвлийн их ачааллыг амжилттай давахын тулд бид өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөө, их засвар техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтаар хийх ажлаа тооцсоны үндсэн дээр зуныхаа их засварыг хийж өвлийн бэлтгэлээ хангадаг. Өнгөрсөн онд бид их засвараар 476,3 сая төгрөгийн өртөг бүхий 36 ажлыг төлөвлөж түүнийгээ зуун хувь хийж гүйцэтгэж санхүүжилтийн хувьд 409,1 сая төгрөгийг зарцуулсан. Техник зохион байгуулалтын арга хэмжээгээр 470 сая төгөргийн өртөг бүхий 18 ажил хийхээр төлөвлөж бүрэн хэрэгжүүлж санхүүжилтийн хувьд 421,4 сая төгрөг зарцуулсан. Харин хөрөнгө оруулалтаар 15 нэр төрлийн 177.8 сая төгрөгийн хөрөнгө худалдаж авахаас 172,6 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг авч нийтдээ тэрбум 132,1 сая төгрөгийн ажил хийхээр төлөвлөснөөс тэрбум 3,2 сая төгрөгийн ажил хийж өнгөрсөн өвлийг амжилттай давлаа. Аваар осол саатал гэмтэл гараагүй. Одоо хаврын бага ачааллын горимд шилжээд ажиллаж байна.
 
-Ирэх оны өвлийн бэлтгэл ажил танай байгууллагын хувьд бүүр их эрт эхэлдэг гэж сонссон. Ирэх 2018-2019 оны бэлтгэл ажил хэзээ эхлэх вэ? Ямар ямар гол ажлууд хийгдэх вэ?
 
-Бид энэ 2018 онд бас л техник технологийн шинэчлэлээр хийгдэх ажлуудаа төлөвлөөд, мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлаа үргэлжлүүлж хийхээр ажиллаж байна. Заримаас нь дурдвал бид өнгөрсөн онд дамжуулах сүлжээний К-14-өөс К-27 дугаар худгийн хоорондох 2,6 хос км диаметр нь 600 мм голчтой шугамын шинэчлэлийн ажлыг эхлүүлж чадсан. Энэ шугам маань 2012 оноос хойш жил бүр хоёрооё гурван гэмтэл гардаг нийтдээ 21 удаа гэмтэл гарсан төв магистрал шугам. Үүнийг бид Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, бодлого зохицууулалтын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зэрэг байгууллагуудад танилцуулж хөөцөлдсөний хүчинд улсын төсөвт суулгаж чадсанаар энэ асуудал гүйцэтгэгчээр Одкон Хольдинг компани шалгарч 2017 оны 8 дугаар сарын 23-нд гэрээ байгуулж ажил нь эхэлсэн. Ингээд мөн оны 10 дугаар сарын 3-ний өдөр ажлынхаа нийт гүйцэтгэлийн 70 хувийг хийгээд онд нь багтааж 100 хувь хийж чадаагүй зогссон учраас энэ ажил маань ирэх 5 дугаар сард халаалт зогссоноос хойш үргэлжилж хийгдэнэ. Тус компани нь солих шугам хоолойгоо бэлтгэх зэрэг ажлуудаа бүрэн хангасан. Халаалт зогсонгуут л ажиллаж эхлээд 7 дугаар сарын нэгэн гэхэд дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Бид өөрсдийн хөрөнгө мөнгөнийхээ бололцоонд тулгуурлаж багагүй ажил хийхээр төлөвлөсөн. Уламжлалт их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтаар 1 тэрбум 100 гаруй сая төгрөгийн ажил хийхээр бэлтгэж байгаа. Өнгөрсөн оны сүүл 12 дугаар сард бодлогын бичиг баримтуудаа боловсруулж дууссан. Үүнд: Хүний нөөцийн бичиг баримт, Техникийн бодлогын бичиг баримт, Санхүүгийн бодлогын бичиг баримт, Хэмнэлтийн бодлогын бичиг баримт зэрэг үндсэн дөрвөн бодлогын бичиг баримттай болсон. Энэ бодлогоо хэрэгжүүлэхийн тулд төлөвлөгөө гаргаад 2018 оны ажилдаа орсон.
 
-Дархан хот өргөжин тэлж шинэ шинэ суурьшлын бүсүүд бий болж зарим томоохон гэр хорооллыг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажил эхэлж байгаа юм байна. Энэ талаар та дэлгэрүүлж ярьж өгөөч?
 
-Дархан хот маань жилээс жилд өргөжиж хотын барилгажилт эрчимтэй явагдаж байна. Хоёр жилийн өмнө Барилга, Хот байгуулалтын яамны шугамаар Дархан хотын  К-8-аас К-77-ийн чиглэл буюу бидний хэлж ярьж заншсанаар аймгийн Захиргааны уулзвараас Мангирт хороолол хүртэлх шугам 350 мм-ийн голчтой байсныг 450 мм-ийн голчтой болгон өргөтгөж авсан. Энэ нь Дархан хотын зүүн хойд талд баригдсан Хабитат хорооллыг дулааны эрчим хүчээр хангах нөөц бололцоо нь бүрдэж байгаа хэрэг. Тэр чиглэл рүү барилгажилт, хорооллын байгуулах нөөц бололцоог нь нэмэгдүүлж өгч байгаа амжил юм. Мөн энэ жил бас Дархан сумын Наран толгой, хуучин төрөх тасаг байрлаж байсан тэр хэсгийн хэрэглэгчдийг дулааны эрчим хүчинд холбох ажлын зураг төсөв нь хийгдэж байгаа учир энэ онд ажил хэрэг болон хэрэгжиж тэр хавийн гэр хороолол дулааны эрчим хүчинд холбогдоно. Дараагийн ээлжинд бидний ярьж заншсанаар хуучин Дарханы үндсэн болон туслах Тосгон гэж ярьдаг зам дагуу байдаг хоёр давхар барак байруудыг эхний ээлжинд таван давхар орон сууц барихаар дахин төлөвлөгдөж зураг төсөл нь хийгдчихээд ажил эхлэхээр бэлэн болоод явж байна.
 
-Яг өвлийн ид ачааллын үед зарим байрууд халдаггүй, оршин суугчид нь гомдол гаргадаг. Танайх халаалтыг тухайн орон сууц руу орох хэвтээ шугамаа хариуцна босоо шугам буюу айл руу орсон хэсгийг Сууц Өмчлөгчдийн холбоо хариуцна гээд яриа гардаг. Эдгээрийг яаж зохицуулж байгаа вэ?
 
-Одоогийн байдлаар Дархан хотод 38 СӨХ албан ёсны үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс мэргэжлийн засварчинтай оршин суугчдынхаа дуудлагаар үйлчилж яг тууштай тогтмол ажиллаж байгаа нь тун ховор ганц нэгхэн л байна. Тиймээс манай компанийн хувьд жилийн эхэн болон эцэст СӨХ-үүдийн удирдлагуудыг цуглуулж байгаад зөвлөгөөн хийж хоорондоо гэрээ байгуулаад энэ онд хэрхэн яаж ажиллах вэ? Засвар үйлчилгээг манайх үзүүллээ гэхэд СӨХ-өөс эргэж яаж гэрээний дагуу яаж харилцан ажиллах вэ гэдгээ яриад тохирчихоод оны төгсгөлд гэрээгээ дүгнээд явж байгаа. Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөл, Сууц Өмчлөгчдийн холбоодын эрх зүйн байдлын тухай хуулиар бол тухайн байр болгоны доор байж байгаа бидний ярьдагаар узель гэж байгаа тэдгээр узелийн хаалт, винтлүүд уг нь Дарханы Дулааны сүлжээ хариуцах ёстой. Анхдагч хаалтаасаа цаашаа подваль дотуур явж байгаа шугам сүлжээг нэг давхарын шалнаас авахуулаад дээшээгээ тав юм уу арав юм уу бүх давхарыг СӨХ хариуцах ёстой. Гэтэл бодит байдал дээр СӨХ-үүд мэргэжлийн ажилтан ажиллуулдаггүйгээс шалтгаалж тэр подвалын шугам сүлжээний гэмтэл, ашиглалтыг мэргэжлийн байгууллага болох ДДС болон Ус суваг компанид хариуцуулах замаар явж байгаа л даа. Эдгээрт сүүлийн жилүүдэд аймгийн хөрөнгө оруулалтаар заримынх нь инженерийн шугам сүлжээг сольж шинэчилж байна. Гэвч цаана их олон байр байгаа учраас манай ажилд бас хүндрэл учруулсан хэвээр байгаа. Дээр нь таван айлын дундах завсарын шугамд, эсвэл нэг айлд нь гэмтэл гарахад хамтарч засахгүй байгаа учраас гэмтэл гарсан айлынх нь гэмтлийг зассан ч завсрынх нь гэмтэл хэвээр үлддэг тал байдаг.
 
-Танай компанийг хэрэглэгчдээсээ авах авлага ихтэй гэж сонссон. Хэдий хэмжээний авлагатай байна вэ?
 
-Ерөнхийдээ 2017 оны жилийн эцсийн байдлаар манай компани нийт хэрэглэгчдээс авах авлага тэрбум 49 сая төгрөг, үүнээс борлуулалтын авлага нь 900 гаруй сая төгрөг буюу 80-аад хувь нь айл өрхөөс авах авлага байна. Тиймээс хэрэглэгчид авч хэрэглэсэн дулааны эрчим хүчнийхээ үнийг цаг тухайд нь төлж байхыг хүсч байна. Хэрэглэгчдийн төлсөн тэр мөнгөөр бид өвлийн бэлтгэлээ хангадаг. Урин дулаан цаг боллоо гээд санаа амар суух цаг биш бид дараагийн өвлийн бэлтгэл ажилдаа орох гэж байна.
                                                                                                                                                Б.Норовсамбуу


Монгол брэнд