top banner

Цагаан хад сууринг байнгын гэрэл цахилгаантай болгоно


2018-04-11 09:48:09
Зураг

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байх Гашуун сухайт боомтын наад тал Цагаан хад сууринг байнгын гэрэл цахилгаантай болгоно.
Улс хоорондын ачаа тээврийн Гашуун сухайт хилийн боомт, Хайрхан багийн төв, Цагаан хад орчимд тулгамдаж буй маш олон асуудал байдгийн нэг нь Цагаан хад орчим цахилгааны эх үүсвэргүй байгаа явдал юм. 
Өмнөговь аймаг нь орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын нэг тэрбум төгрөгөөр Цагаан хад суурьшлын бүсийг 24 цагийн буюу байнгын гэрэл цахилгаантай болгох ажлыг төлөвлөөд байна.
Тухайн сууринд 10 мянга орчим хүн амьдардаг бөгөөд тээврийн маш олон жолооч нар түр буудаллаж өнгөрдөг газар юм. 1992 онд худалдааны чиглэлээр Гашуун сухайт боомтын нээсэн цагаас өнөөдрийг хүртэл уг боомтын наад тал Цагаан хад нь худалдаа үйлчилгээнээс гадна гаалийн хяналтын бүс байрлаж байгаа билээ. Гэвч өнөөдрийг хүртэл энэ газарт гэрэл цахилгаанаа хувь хувьдаа өөрсдөө хангаж ирсэн бөгөөд нэгдсэн гэрэл цахилгааны шугам гэж байдаггүй аж.

Д.Мишигсүрэн


Монгол брэнд