top banner

Баянхонгорын хүн амын 80 шахам хувь нь нүхэн жорлон ашиглаж байна


2018-04-11 09:48:27
Зураг
Баянхонгор /МОНЦАМЭ/. Нутгийн шийдэл сангаас “Цэвэрч Монгол” төслийн хүрээнд зохион байгуулж буй “Жорлонгоо өөрчилье” сургалтын багийнхан 14 дэх аймагтаа буюу Баянхонгор аймагт ажиллалаа.
Баянхонгор аймаг 85 мянга орчим хүн амтайгаас 80 шахам хувь нь нүхэн жорлон ашигладаг байна. Гэр хороолол, хөдөөгийн оршин суугчдын хувьд төгс шийдэлд өнөө хэр хүрч чадаагүй тус асуудлаас үүдэн хөрсний бохирдлын асуудал яригддаг. Тэгвэл эрүүл, цэвэр орчинд аж төрөх нь жорлонгоо хэрхэн шийдсэнээс эхлэхийг тус төслийнхөн хэлж байна. Ихэнх хүмүүсийн бодолд байдаг ч ямар байдлаар, ямар арга технологиор хийхээ мэддэггүйгээс болж ажил хэрэг болгож чаддаггүйг төслийн багийнхан анзаарснаар ийнхүү “хөдөлж” эхэлсэн аж. Төслийн багийнхны хувьд энэ нь 27 дахь сургалт бөгөөд жорлонгоо өөрчлөхийг хүсч буй иргэд, түүнийг зохион байгуулахыг хүсч буй манлайлагч нар, төрийн болон ТББ, ААН-үүдэд жорлон өөрчлөх ажил бол ямар хялбар, боломжтой ажил гэдгийг ойлгуулах зорилготой юм байна.
Байгаль орчинд ээлтэй жорлонгийн шинэ шийдэл, арга технологи, бизнесийн боломжийн тухай олон нийтэд мэдээлэл өгөх тус сургалтад төрийн болон төрийн бус байгууллага, багуудыг төлөөлсөн 70 гаруй иргэн хамрагдлаа. Жорлонгийн агуулах, цэвэрлэх байгууламжийн өтгөн лагийг байгаль орчинд ээлтэйгээр эргэлтэд оруулсан зэрэг сайн жишээнээс суралцаж орон нутагтаа өөрийн гэсэн загварыг гаргаж, цаашид түгээн дэлгэрүүлэхэд сургалтын зорилго оршиж байна. Байгальд ээлтэй, хүний эрүүл мэндэд тустай эко жорлонгийн талаарх тус сургалтыг цаашид баг бүрт, сумдад зохион байгуулах аж.
Сургалтын үеэр УИХ, Засгийн газрын гишүүн асан, "Нутгийн шийдэл сан" ТББ-ын тэргүүн Ц.Оюунгэрэлийн бүтээл “Жорлонгоо өөрчилье” номыг Баянхонгор аймгийн төв номын санд цөөнгүй тоогоор хандивлав. Ингэснээр тус сургалтад хамрагдаж амжаагүй нь тухайн номноос мэдээлэл авах боломжтой болж байна.
                                                                                                                                                         Б.Мөнхзул

Монгол брэнд