top banner

"Хүүхдэд ээлтэй орон нутаг" хөтөлбөрийн явцтай танилцав


2018-04-11 10:11:26
Зураг
Баянхонгор /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Аликс Хайкинс болон холбогдох яам, агентлагийн мэргэжилтнүүд Баянхонгор аймагт ажиллалаа. Ажлын хэсгийнхэн НҮБ-ын Хүүхдийн сан, Баянхонгор аймагтай хамтран дөрвөн жилийн турш хэрэгжүүлэх "Хүүхдэд ээлтэй орон нутаг" хөтөлбөрийн явцтай танилцсан юм.
Баянхонгор аймагт тус хөтөлбөрийн хүрээнд “Хүүхдэд ээлтэй Баянхонгор” аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулж, 20 сумын иргэд, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллага, эцэг эх, сурагчдын төлөөллөөр хэлэлцүүлээд буй. 
Ажлын хэсгийнхнийг аймгийн Засаг дарга Г.Батжаргал, аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч, хөтөлбөрийн хэрэгжилт ямар байгаа талаарх мэдээлэв. Аймгийн Засаг дарга Г.Батжаргал уулзалтын эхэнд, "Баянхонгор аймаг Үндсэн хуулиар олгогдсон хүн бүр эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг орон нутагтаа хангахын төлөө үйл ажиллагаагаа явуулж байгаа"-г онцлоод, энэ оноос эхлэн иргэдийн, тэр дундаа бага насны хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй агаарын бохирдол, утааг бууруулах чиглэлд онцгой анхаарч байгаагаа хэлсэн юм. Тодруулбал, 500 өрхийн дунд орчин үеийн, утаа багатай уурын зуухыг байгуулах замаар гэр хорооллын айл өрхийг галлагаагүй болгох ажлыг эхлүүлж байгаа юм байна. Мөн сургууль, цэцэрлэгийн орчинд цэвэр, бохир усны шугамыг бүрэн шийдэж, орчин үеийн, эрүүл, аюулгүй бие засах газруудыг сум бүрийн сургууль, цэцэрлэгт байгуулахаар төлөвлөж байгааг хэллээ. Өнгөрсөн жилүүдэд найман сумын цэвэр усны шугам сүлжээг шийдвэрлэжээ.
Энэхүү хөтөлбөр нь Баянхонгор аймгийн хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлж, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхэд чиглэж байна.
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, “Эцэг эх, олон нийт хүүхэдтэй хандах харилцаа, хандлагаа өөрчилж байж хүүхдэд ээлтэй орчин, нөхцөл бүрдэх юм. Тийм ч учраас хэвлэл мэдээлэл олон нийтэд нээлттэй ажиллаж, ажил хариуцаж байгаа хүн бүхэн хүүхдэд ээлтэй орчны талаар ярьж байх ёстой” гэдгийг сануулаад, хариуцаж буй яамны зүгээс байж болох бүхий л дэмжлэгийг үзүүлж, хамтран ажиллана гэв.
Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Г.Батжаргал Хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөр хэрэгжсэнээр Баянхонгор аймаг НҮБ-аас хүүхэд ээлтэй орчныг бүрдүүлэх чиглэлд санхүүгийн хувьд дэмжлэг авах, хамтран энэ чиглэлд хөрөнгө оруулах боломжийн талаар НҮБ-ийн Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Аликс Хайкинсээс тодруулав. Төлөөлөгч хэлэхдээ, "НҮБ нь хөгжиж буй, өөрийн төсвийн хөрөнгөөр дэд бүтцээ шийдвэрлэх боломжтой улс орнуудад хөрөнгө санхүүгийн гэхээсээ илүү хэрхэн хүндээ ээлтэй, хүүхдэд үр өгөөжтэй арга барилд суралцах вэ, хэрхэн хүнээ хөгжүүлэх вэ  гэдэг тал дээр дэмжлэг үзүүлдэг зарчимтай. Уг зарчмын хүрээнд хүүхдэд ээлтэй орон нутгийг бий болгоход арга зүйн туслалцаа, бодлогын дэмжлэг үзүүлж ажиллана" гэдгээ илэрхийлсэн юм.
Дашрамд дуулгахад, Баянхонгор аймаг Хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөртэй уялдуулан гурван тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр Хүүхдийн эмнэлэг байгуулахаар болжээ. Уг эмнэлгийн нэгдүгээр давхарт зөвхөн хүүхдийн үзлэг, оношлогоо шинжилгээг хийдэг амбулатори байрлаж ажиллах аж. Ажлын хэсгийнхэн уулзалтын дараа Эрдэм ахлах сургуульд хэрэгжсэн “Тэгш хамруулсан олон нийтийн оролцоот сургууль” төсөл, Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төвийн үйл ажиллагаатай танилцсан байна.
 Б.Мөнхзул

Монгол брэнд