top banner

АНУ-ын хөрөнгө оруулалтаар Сайншанд суманд хүүхдийн цэцэрлэг барина


2018-04-11 11:38:32
Зураг
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдүгээр багт АНУ-ын хөрөнгө оруулалтаар 50 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барихаар боллоо.
Энэ асуудлаар аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг АНУ-ын элчин сайдын яамны Батлан хамгаалах Атташейн албаны төлөөлөгчдийг дөрөвдүгээр сарын 10-нд Сайншанд хотод хүлээн авч уулзахдаа ярилцав. Элчин сайдын яамны холбогдох албан тушаалтнууд манай аймагт зочилж говь нутгийн бага насны хүүхдүүдийн сурч боловсрох нөхцөлийг сайжруулахад анхаарал хандуулж цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэхээр болсонд орон нутгийн удирдлага талархал дэвшүүлсэн юм.
Тус аймгийн Сайншанд сум 25 мянга орчим хүн амтай. Цаашдаа  хүн амын суурьшил нэмэгдэж цэцэрлэгийн эрэлт хэрэгцээ нэмэгдэх хандлагатай байгаа аж. Сайншанд суманд сүндэрлэх цэцэрлэгийн барилгыг анх АНУ-ын Аляск мужид барьж ашиглалтад оруулж байсан бөгөөд цахилгааны хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн техник технологи, инженерийн шийдлийг шингээсэн сайн чанарын материалаар барьдаг төдийгүй эдэлгээ, чанар нь амьдралд батлагдсан байдаг аж.
Барилгын ажлыг 2018 онд эхэлж ашиглалтад оруулахаар албаныхан төлөвлөжээ. Дашрамд дурдахад АНУ-ын хөрөнгө оруулалтаар 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг 2017 онд Замын-Үүд суманд барьж ашиглалтад оруулж байсан бөгөөд энэ удаагийнх тус улсын  хөрөнгө оруулалтаар Дорноговь аймагт сүндэрлэх хоёр дахь цэцэрлэг болох юм.
Х.Эрдэнэбулган

Сурталчилгаа
Монгол брэнд