top banner

Говь-Алтай аймаг "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих загвар төв"-тэй боллоо


2018-04-11 12:50:19
Зураг
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Газрын дэргэд "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих загвар төв" байгуулагдан өнөөдөр нээлтээ хийлээ. 
 
Нээлтийн арга хэмжээнд тус аймгийн Засаг дарга С.Гансэлэм, ХХҮГ-ын дарга М.Мянганбуу, Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “GFA Consulting group”-н хэрэгжүүлж буй “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн Олон улсын зөвлөх Иван Такач болон албаны бусад хүмүүс оролцов.
Уг төвийг Швейцарийн хөгжлийн агентлагийн 23 сая төгрөгийн санхүүжилтээр “GFA Consulting group”-н хэрэгжүүлж буй “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн хүрээнд тохижуулан 15-34 насны зулуучууд, тухайлбал Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, коллеж, их дээд сургуулийн оюутан, төгсөгчид, ажил хайгч залуусын хөдөлмөр эрхлэлт, тэдний хамтын ажиллагааг дэмжих зорилгоор байгуулжээ. 
Энэхүү төвөөр дамжуулан хөдөлмөрийн зах зээлд хөл тавьж байгаа залуучууд, ялангуяа дөнгөж сургууль төгссөн, ажлын туршлага багатай залуучуудыг идэвхжүүлэхэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлийн шинэ үйлчилгээ, арга хэрэгслийг нэвтрүүлж, ажлын байртай болгох юм.
Швейцарийн хөгжлийн агентлаг нь “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийг Монгол Улсын хэмжээнд найман аймаг, хоёр дүүрэгт төслөө хэрэгжүүлж байгаа ба үүний хүрээнд энэ онд "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих загвар төв"-ийг Говь-Алтай, Ховд, Өмнөговь, Завхан аймаг болон Улаанбаатар хотын Баянгол, Хан-Уул дүүргүүдэд байгуулах гэнэ. 
 
Э.Нарангэрэл 
 

Монгол брэнд