top banner

Архангайд олон улсын эрдэм шинжилгээний хурал болно


2018-04-11 13:09:49
Зураг
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Багшийн сургууль дээр дөрөвдүгээр сарын 20-нд олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Үүнд Америк, БНСУ, БНХАУ, ОХУ, Конго улс, Монгол гэсэн зургаан улсын багш нар судалгааны ажлуудаараа илтгэл тавьж, хэлэлцүүлэх юм байна.

Тус арга хэмжээний угтал болгож саяхан Архангай аймгийн Боловсрол соёл урлагийн газар, МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургууль, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтэс хамтран "Бага боловсролын математикийн хичээлийн заах аргазүй, сургалтын хөтөлбөр, үнэлгээний асуудал" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулжээ. Эрдэм шинжилгээний хурлыг багш, багшаасаа суралцах, сайн туршлагаа нэгэндээ хуваалцах давуу талтай юм гэдгийг зохион байгуулагчид хэлж байв.
Эрдэм шинжилгээний бага хурлын гол зорилго нь боловсролын салбарын багш нарын сургалтандаа ашиглаж байгаа идэвхтэй аргууд, арга зүй, шинэ санаа сэдэл зэргийг анхаарахад чиглэгдсэн байна. "Бага боловсролын математикийн хичээлийн заах арга зүй, сургалтын хөтөлбөр, үнэлгээний асуудал" сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд орон нутгийн болон нийслэлийн багш нарын 21 илтгэл хэлэлцүүллээ.
Эрдэм шинжилгээний бага хурлын гол үр дүн нь хэлэлцэгдсэн илтгэлүүдээс бага боловсролын математикийн хичээлийг шинэ ямар аргаар, хэрхэн заах вэ, тулгамдсан асуудлууд юу байна гэдгийг гаргаж эмхтгэл гарах юм байна.
Б.Гэрэлт-Од

Сурталчилгаа
Монгол брэнд