top banner

Жорлонгоо өөрчилж, эрүүл орчин бий болгоход Говь-Алтайнхан нэгдлээ


2018-04-11 14:58:15
Зураг
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Хөрсний бохирдлыг гол эх үүсвэр болсон нүхэн жорлонгийн асуудлыг шийдвэрлэж, эрүүл орчин бий болгох талаар “Нутгийн шийдэл сан”-аас үндэсний хэмжээнд зохион байгуулж  буй “Жорлонгоо өөрчилье” төслийн сургалтад Говь-Алтай аймгийн 18 сумын нийгмийн ажилтан, багийн Засаг дарга, иргэдийн төлөөлөл 70 гаруй хүн хамрагдаж байна. 
Жорлонгийн агуулга, цэвэрлэх байгууламжийн өтгөн лагийг байгаль орчинд ээлтэйгээр эргэлтэд оруулсан, жорлонгийн барилга ашиглалтыг эдийн засгийн эргэлтэд оруулсан жишээнээс суралцаж орон нутгийнхаа онцлогт тохирсон загварыг сургалтад хамрагсад хамтран гаргаж, цаашид түгээнд дэлгэрүүлэхэд “Жорлонгоо өөрчилье” сургалтын зорилго оршиж байгааг зохион байгуулагчдын зүгээс зөвлөгөө мэдээллээ хүргэж байлаа. 
Нутгийн шийдэл сангийн тэргүүн Ц.Оюунгэрэл: “Говь-Алтай аймагт усны асуудал тулгамдаж буй учир орон нутгийнхаа онцлогт тохируулж иргэн, өрх бүр хамтарч ус бага ашиглагдах жорлонтой болох нь зүйтэй юм” хэмээн онцолсон юм.
Түүнчлэн оролцогчид хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэхэд нүхэн жорлонгоо өөрчлөх нь нэн чухал гэдэгт санал нэгдэн, цаашид хамтран ажиллахаа илэрхийлэв.
”Жорлонгоо өөрчилье” сургалт нь 2018 оны нэгдүгээр сарын 5-ны өдрөөс Улаанбаатар хот, Баянгол дүүргээс төсөл хэлбэрээр эхэлж одоогоор 2000 гаруй иргэнд жорлонгоо өөрчлөх чанартай мэдээлэл, шинэлэг санаа бүхий сайн туршлагыг түгээж байгаа гэнэ.  
 
Э.Нарангэрэл
 

Сурталчилгаа
Монгол брэнд