top banner

Оршуулгын газарт хамгаалалтын хашаа босгоно


2018-04-11 17:06:15
Зураг

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ард иргэд өөрсдөө санаачилга гарган жилээс жилд хүрээгээ тэлж, сумын төвийн айл өрхүүдэд ойртож байгаа оршуулгын газарт хамгаалалтын хашаа босгохоор болжээ.  

Олон жилийн турш бурхан болсон хүмүүсийг хөдөөлүүлж ирсэн уг оршуулгын газар нь одоо айл өрхүүдэд 100 хүрэхгүй метр газарт тулж иржээ. Орон нутгийн иргэдийн ярьснаар суурьшлын бүсэд хэт ойртсон оршуулгын газарт мал, нохой орж бохирдуулах, гэмтээх зэрэг асуудлууд байнга гардаг бөгөөд улмаар халдварт өвчин гарах нөхцөл байдал үүсээд байгаа ажээ. Иймд өнгөрсөн оны 12 дугаар сард сумын бүх иргэдийн хурлаар есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргаж, оршуулгын газрыг хамгаалах, хашаа босгох ажлыг судалж эхэлсэн байна. Ажлын хэсгээс 800 метр газрыг хаших, мод тарих зураг төсөв хийлгэжээ. Үүнд 30 сая төгрөг зарцуулах тооцоо гарсан байна.

Сумын удирдлагаас уг ажилд зориулан таван сая төгрөг шийдвэрлэж өгчээ. Одоо ард иргэдээс хандив цуглуулах ажил явагдаж байгаа бөгөөд шаардагдах нийт хөрөнгийн 30 гаруй хувийг бүрдүүлээд байгаа аж.

Оршуулгын газрыг хашиж хамгаалах ажлыг ирэх зургадугаар сарын 20-ны өдөр хүртэл бүрэн хийж гүйцэтгэхээ зохион байгуулагчид илэрхийлээд байна.

Ө.Нурболат

Монгол брэнд