top banner

Архидалттай тэмцэх чиглэлээр иргэдээс санал авч байна


2018-04-11 19:42:43
Зураг
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсээс “Архидалттай тэмцэхэд иргэн таны санал” хэлэлцүүлгийг Арвайхээр сумаас эхлээд байна.
Хэлэлцүүлэгт архи, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий худалдаа, үйлчилгээний цэгүүдийн эзэд, хууль хяналтын байгууллагын мэргэжилтнүүд, иргэдийн төлөөлөл оролцлоо. Тэд “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, тусгай зөвшөөрлийн шинэчилсэн журам, аймгийн хэмжээнд үйлдэгдэж буй архи, согтууруулах ундаанаас хамааралтай гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл сонсож санал хүсэлтээ илэрхийллээ.
Иргэдийн зүгээс долоо хоногийн баасан гарагт архи, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэр болон тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газруудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулахыг хүсч байв. Мөн архидан согтуурах явдалтай тэмцэхдээ худалдаа, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавихаас илүүтэй иргэд, олон нийт рүү чиглэсэн сургалт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг хэлж байлаа.
“Архидалттай тэмцэхэд иргэн таны санал” хэлэлцүүлгийг энэ сард багтаан бүх сумдад зохион байгуулах бөгөөд саналыг нэгтгэн төрийн байгууллагын бодлого, шийдвэрт тусгах юм.
Б.Батчимэг

Монгол брэнд