top banner

Эрүүл мэндийнхээ төлөө алхах үлгэр дууриалыг эмч, сувилагч нар үзүүлж байна


2018-04-11 23:48:57
Зураг
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЭМГ-аас эмч нарын өдөр болон олон улсын сувилагчдын өдрийг угтаж 18 бүтээлч ажлыг өрнүүлэхээр ажилдаа ороод байгаа ажээ. Энэхүү бүтээлч ажлуудын нэг нь иргэд олон нийтийг хамарсан “Эрүүл мэндийнхээ төлөө алхацгаая” явган аялал юм. 
Уг аялалын маршрут аймгийн төв “Партизан”-ы талбайгаас ЕБ-ийн 3-р сургууль хүртэл бөгөөд аялалд Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгодын ЭМТ-ийн эмч, ажилчид, мөн аймгийн Нэгдсэн эмнэлэг, Мандал сумын Нэгдсэн эмнэлэг, Хөтөл хотын сум дундын эмнэлгийн эмч, сувилагч нар өөрсдөө уриалан оролцож, хөдөлгөөний хомсдлоосоо салж агаарт алхацгаах ажээ. Сүүлийн жилүүдэд таргалалт, зүй бус хоололт, хөдөлгөөний хомсдлоос үүдсэн өвчлөлт их байгаа гэнэ. Иймээс "Эрүүл мэндийнхээ төлөө алхацгаая" гэж Эрүүл мэндийн газраас иргэдийг уриалан дуудаж байгаа юм. Энэхүү ажил нь тус газрын зүгээс уламжлагдсан ажил бөгөөд өмнөх жилүүдэд “Хөдөлгөөн эрүүл  мэнд” сэдвийн дор явган аялал зохион байгуулж байжээ. Үүнийхээ хүрээнд Сүхбаатар хотоос Баянгол сум,  “Ээж мод” хүртэл явган аялал зохион байгуулж, өглөө бүр 7 цагаас эрүүл мэндийн газрын биеийн тамирын мэргэжилтэн өөрийн биеэр уриалан, ЭМГ-ын ажилчид хамтран “Хулан” хатны хөшөөнд очиж гимнастик хийлгэж хэвшжээ. Энэ ажил маань цаашид үргэлжлээд явагдана гэдгийг Аймгийн ЭМГ-ын удирдлага, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга Д.Бадмаа хэллээ. 
Тус ЭМГ-аас өрнүүлж буй бүтээлч 18 ажлын бас нэг хэсэг нь Дэлхийн эмч нарын өдөр болон Олон улсын сувилагчдын өдөрт зориулсан “Сүүн мөртэй Сэлэнгийн эрүүл мэндийнхэн” сэдэвт мэргэжил, урлаг, спортын арга хэмжээ бөгөөд энэ сарын 14, 15-ны өдрүүдэд Сүхбаатар сумын ЕБ-ийн 3-р сургуулийн спорт зааланд зохион байгуулахаар бэлтгэлээ базаагаад байгаа ажээ.
Ч.Отгонцэцэг


Монгол брэнд