top banner

Сум, байгууллага бүр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төлөвлөгөөтэй болох шаардлагатай гэв


2018-04-12 14:36:39
Зураг
Баянхонгор /МОНЦАМЭ/. Бодит байдал дээр хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлтэд үүсч буй гол асуудал нь мэргэжилтэй боловсон хүчний хомсдол гэдгийг албаныхан хэлж байна. Ажил олгогч болон ажил хайгчдын хоорондын уялдаа холбоог сайжруулж, хамаарлыг нэмэгдүүлэх зорилго бүхий "Хөдөлмөр эрхлэлт" аймгийн зөвлөлгөөний үеэр тус асуудал хөндөгдсөн юм. Зөвлөлгөөнд аймаг орон нутгийн бодлогыг тодорхойлж, шийдвэр гаргагчид, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, ажил олгогчид болон ажил хайгчдын төлөөлөл оролцсон байна.
Зөвлөлгөөний нээлтэд аймгийн Засаг дарга Г.Батжаргалхэлсэн үгэндээ , "Аймаг хөтөлбөр гаргаж, түүнийг сум, цаашлаад байгууллагууд өөрсдийн ажлын төлөвлөгөөндөө тусгаж байгаа нь учир дутагдалтай байна. Сум, байгууллага бүр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлийн хөтөлбөр, төлөвлөгөөг гаргаж, дор бүрнээ нарийвчилсан судалгаатай болох асуудал цаашид чухлаар тавигдаж байна" гэдгийг онцлов. Ингэснээр Баянхонгор аймаг хөдөлмөрийн зах зээлийн бодит, нарийвчлалтай судалгаатай болж, эндээс цаашид авах арга хэмжээ оновчтой болно гэж үзэж байгаа юм.
Баянхонгор аймаг 2009 онд эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ Хөдөө аж ахуй, аялал жуулчлал, хариуцлагатай уул уурхай хэмээн тодорхойлсон. Тэр цагаас хойш хөдөлмөрийн зах зээл улам бүр тэлж байгаа тул үүнийг дагасан мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарч иржээ. Тухайлбал, аймгийн ХХҮГ-ийн санаачилгаар 2017 онд Баянхонгор аймгийн "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хөтөлбөр"-ийг баталсан байна.
Аймгийн ХХҮГ-ийн дарга Д.Амарсанаагийн хэлж байгаагаар Баянхонгор аймгийн хэмжээнд хамгийн идэвхтэй ажил хайж буй иргэдийн олонхийг 24-35 насны залуус эзэлж байна. Өнгөрсөн онд зургаан төрлийн төсөлд 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулж, нийтдээ түр болон байнгын ажлын байраар 1200 гаруй иргэнийг хангажээ. Харин энэ онд Баянхонгор аймагт улсын болон орон нутгийн хөрөнгөөр 20 гаруй тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлын тендер зарлагдахаар байгаа юм. Тиймээс эдгээр ажил, арга хэмжээг гүйцэтгэхэд орон нутгийнхаа ажилгүй иргэдийг хамруулахад анхаарч ажиллахаа хэлж байлаа.
2017 оны жилийн эцсийн статистик дүнгээс харахад Баянхонгор аймаг 11 мянган хүнийг ажлын байраар хангах шаардлага байгаа бөгөөд хөдөлмөрийн зах зээлд барилга, цахилгааны чиглэлийн мэргэжил, инженерийн орон тоо эрэлт өндөр байгааг албаныхан хэлсэн. Нөгөө талаар ажил олгогчдын ажлын байрны захиалга өгсөн байдлыг хувилж харвал 70.5 хувь нь мэргэжилтэй боловсон хүчин, 68.5 хувь нь 35 хүртэлх насныхан, 31.5 нь 3561 насныхныг ажилд авахаар захиалга өгчээ.
Баянхонгор аймаг нэмүү өртөг шингээсэн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэл, үйлчилгээний газрыг нэмэгдүүлэх, 24-35 насны залуусын ажиллах ажлын байрыг бий болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа юм байна. Тухайлбал, улсын болон орон нутгийн хөрөнгөөр ажил үйлчилгээ үзүүлэх, аливаа тендерт орон нутгийн аж ахуйн нэгжийг давуу эрхтэйгээр оролцуулах, ингэснээр орон нутгийн аж ахуйн нэгжийг бойжуулах, ажлын байрыг тогтворжуулах, Баянхонгор аймагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд ажилчдынхаа 30 хувийг орон нутгаасаа авах зэрэг бодлогыг барьж байгаа аж.
Сонирхуулахад, Энэ онд Баянхонгор нийтдээ 800 иргэнийг байнгын ажлын байраар, 800-аас багагүй иргэнийг түр ажлын байраар хангахаар ажиллаж байна. Өнгөрсөн онд 18 суманд 100 өрхийг малжуулах замаар ажлын байртай болгон хэрэгжүүлж эхэлсэн "Илгээлтийн эзэн" хөтөлбөрийг энэ онд үргэлжлүүлэх, Ажилсаг төвийг түшиглэн 200 иргэнийг, 240 сая төгрөгөөр Аялал жуулчлалыг дэмжих жилийн хүрээнд гурван байрлалд аялал жуулчлалын баазыг байгуулж 45 иргэнийг, тавдугаар сургуулийн барилгыг ашиглалтад оруулж 80 иргэнийг, цэцэрлэгүүдийн барилгыг өргөтгөж 60-аас дээш иргэнийг тус тус ажлын байраар хангах юм байна.
Б.Мөнхзул

Сурталчилгаа
Монгол брэнд