top banner

Судалгаагаар Монгол эрчүүд их хөрөнгө эзэмшдэг гэж гарчээ


2018-04-12 16:28:11
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/.“Хөрөнгийн эзэмшил, аж ахуй эрхлэлтийг жендерийн төлөв байдлаар тодорхойлох” судалгаагаар эмэгтэйчүүдтэй харьцуулбал эрчүүд дангаараа их  хөрөнгө эзэмшдэг гэсэн тооцоо гарчээ.
Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Статистикийн хэлтэс, НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллага, Үндэсний статистикийн хороотой хамтран дээрх судалгааг хийсэн байна.
Тус судалгааны үр дүнг өнөөдөр танилцуулсан бөгөөд арга хэмжээнд ҮСХ-ны дарга А.Ариунзаяа, АХБ-ны эдийн засагч Деклан Магий, ҮСХ-ны Хяналт шинжилгээ мониторингийн хэлтсийн дарга Б.Саранчимэг, АХБ-ны статистикч Артуро Мартинез нар оролцлоо.
Судалгааг манай улсаас гадна Гүрж, Филиппин зэрэг орнуудад хийсэн байна. Туршилтын судалгааг үндсэн сууц, ХАА-н газар, мал аж ахуй, ХАА-н тоног төхөөрөмж болон багаж хэрэгсэл, ХАА-н бус аж ахуйн нэгжийн хөрөнгө, бусад үл хөдлөх хөрөнгө, удаан эдэлгээт бараа, санхүүгийн хөрөнгө, зээл, үнэт зүйл гэсэн 10 чиглэлээр явуулжээ. Монгол Улсад хийсэн судалгаанд 3008 өрхийг түүврийн аргаар хамруулсан байна. Үндсэн сууц, ХАА-н газар, бусад үл хөдлөх хөрөнгийг дангаараа эзэмших явдал нь хөдөөгийн хүн амд илүү ажиглагджээ.
Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа ярихдаа,“Жендерийн тэгш байдлын үзэл баримтлалын хүрээнд зайлшгүй хангах шаардлагатай талбар нь ажлын эх үүсвэр болох хөрөнгө эзэмших эрх юм. Эмэгтэйчүүдийн хөрөнгө эзэмшлийн баталгаатай судалгаа цөөхөн байдаг нь бодлого хөтөлбөрийг боловсруулах, тогтвортой хөгжлийн зорилтын холбогдох үзүүлэлтийг тооцоход хүндрэлтэй байдаг. Монгол Улсын хэмжээнд хөрөнгийг өрхийн тэргүүний нэр дээр бүртгүүлдэг нь эмэгтэйчүүдийн эрхийг зөрчих гол  шалтгаан болдог. Хэдийгээр судалгаанд хамтран эзэмшигч гэж дурдаж байгаа ч албан ёсны баримт бичигт зөвхөн өрхийн тэргүүний нэр байгаа нь гэр бүл салалт, гэр бүлийн нэг гишүүн нас барах тохиолдолд хуулийн дагуу шийдвэрлэхэд жендерийн асуудлыг хөндөж байна.”



Азийн хөгжлийн банкны статистикч Артуро Мартинез хэлэхдээ, “Азийн хөгжлийн банк нь эмэгтэйчүүдийн жендерийн асуудалд анхаарал хандуулдаг. Ази, Номхон Далайн орнуудад жендерийн асуудал их байдаг. Энэ талаарх баттай баримт нотолгоо хангалтгүй тул дээрх судалгааг зохион байгууллаа. Эмэгтэйчүүдийн хөрөнгө эзэмшиж буй  нь өрхийн эдийн засгийн хөшүүрэг болж өгдөг. Тэд эдийн засгийн хөшүүрэгтэй байснаар гэр бүлийн хүчирхийлэл, гадуурхах асуудал багасана. Монгол Улсад хийсэн судалгаагаар бусад орнуудаас хөрөнгө эзэмшлийн асуудлаар жендерийн зөрүү их байгаа нь ажиглагдлаа”  гэв.
Тус судалгааг үндэслэн стандарт аргачлалыг сайжруулан боловсруулж, олон улсын түвшинд харьцуулах боломжит үзүүлэлтийг бий болгох, бодлого боловсруулалтад чухал нөлөө үзүүлэх явц  бүрдсэн гэдгийг ҮСХ-оос онцоллоо.
Б.Ундармаа

Монгол брэнд