top banner

Бүтээлч ажлын уралдаан зарлалаа


2018-04-12 16:35:47
Зураг
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Ногоон хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүний эрүүл мэнд, сэтгэл зүй, амьдрах таатай орчныг бүрдүүлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн хариуцлагыг өндөржүүлэх, сумын нутаг дэвсгэрт өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор “Цэцэрлэгжүүлэлт, ойжуулалт, тохижилт” бүтээлч ажлын уралдааныг энэ  сарын 12-ны өдрөөс 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд зарлалаа.

Энэ тухай аймгийн цаг үеийн нөхцөл байдал, байгууллагуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох зорилгоор хийдэг аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөний үеэр зарлалаа.

Шуурхай зөвлөлгөөний үеэр аймгийн Засаг дарга Д.Галсандондог аймгийн хэмжээнд нийтийн эзэмшил, орон сууц, гэр хорооллын гудамж талбайг тохижуулах, цэвэрлэх, байгууллага бүр өөрсдийн эргэн тойрны ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, гадна талбайн өнгө үзэмжийг сайжруулахад анхаарч ажиллахыг уриалав.
Мөн Монгол Улсын хэмжээнд зүүн, төвийн, хангайн аймгуудад малын гоц халдварт шүлхий өвчин гарч, тархалт ихэссэнтэй холбогдуулан уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнгөрсөн гуравдугаар сарын 30-ны өдөр Ховд, Говь-Алтай аймгийн хилийн зурвас “Дундын овоо” гэдэг газарт пост байгуулсан байна. Уг постонд таван ээлжээр нийт 25 хүн ажиллаж байгаа бөгөөд тавдугаар сарын 20 хүртэлх хугацаанд ариутгал, халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулах болсныг мэдээллээ.
А.Бямбасүрэн


Монгол брэнд