top banner

Дорноговийн иргэд Эрээний эмнэлэгт 20 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлнэ


2018-04-12 16:45:55
Зураг
Дорноговь /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин тэргүүтэй албаны хүмүүс өнгөрсөн гуравдугаар сард БНХАУ-ын Эрээн хотод айлчлах үеэр Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар БНХАУ-ын Эрээн хотын Эрүүлийг хамгаалах газартай, Замын-Үүдийн нэгдсэн эмнэлэг Эрээн хотын эмнэлэгтэй  тус тус хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Энэ талаар Дорноговь аймгийн ЭМГ-ын дарга Г.Энхцэцэгээс тодруулахад “Гэрээнд 2017 онд хийгдэж байсан Дорноговийн иргэдэд нүдний болор шилжүүлэн суулгах хагалгааг зэрэг бодит ажлыг үргэжлүүлэн хийхээс гадна, ардын эмнэлэг, сэргээн засах чиглэлээр эмч мэргэжилтнүүдийг урт богино хугацаанд сургалтад хамруулах, аялуулах, Эрээн хотын эмч нарыг орон нутагтаа урих, санал солилцох, туршлага судлах зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллах зүйлүүдийг тусгасан.
Мөн хоёр улсын хооронд хил дамнасан түргэн тусламжийн үйлчилгээ хүндрэлтэй байдгийг судалж, аль болох монгол иргэдэд түргэн тусламжийн үйлчилгээг түргэн хүргэх, улмаар Дорноговь аймгаас Эрээн хотод очиж эмнэлгийн үйлчилгээ авч буй иргэдэд 20 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэхээр тохиролцсон” гэв.
Эрээний талаас Дорноговь аймгийн эрүүл мэндийн салбарт шаардлагатай эмнэлгийн зарим тоног төхөөрөмж, техникийн туслалцааг үзүүлэхээр болсон төдийгүй өвчний улмаас болон бусад шалтгаанаар нас барсан монгол иргэний шарилыг өндөр үнээр  хадгалдаг байдлаас чөлөөлөх зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.
Х.Эрдэнэбулган

Монгол брэнд