top banner

Төсвийн тэнцлийн алдагдал 229.3 тэрбум төгрөгөөр буурчээ


2018-04-12 17:23:53
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Инфляци гуравдугаар сард өмнөх сараас 0.9 хувиар, өмнөх оны эцсээс 3.2 хувиар  өссөн  үзүүлэлт гарлаа хэмээн Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ.

Инфляци гуравдугаар сард өмнөх оны мөн үеэс 6.6 хувиар өсөхөд тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 9.1 хувь, хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 5.9 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 10.3 хувиар өссөн нь голлон нөлөөлснийг статистикчид онцолж байна.

Түүнчлэн инфляци гуравдугаар сард өмнөх сараас Орхон аймагт өөрчлөлтгүй байсан бол Баян-Өлгий аймагт 0.1 хувиар буурсан байна. Харин бусад аймагт 0.1-1.7 хувиар өссөн байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Завхан, Ховд аймагт 1.7 хувиар өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Улаанбаатар хотод инфляци өмнөх оны мөн үеэс 7.7 хувиар өсөхөд тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 8.6 хувь, хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 6.0 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 20.1 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

ТӨСВИЙН  ТЭНЦЭЛ 25.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ ГАРАВ

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 25.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.
Тодруулбал тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн  хэмжээ энэ оны эхний гурван сарын байдлаар  1.8 их наяд төгрөгт хүрч, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 1.8 их наяд төгрөг болжээ. Төсвийн тэнцлийн алдагдал өмнөх оноос 229.3 тэрбум төгрөгөөр буурсан нь орлогын өсөлт зарлагын өсөлтөөс 16.0 пунктээр илүү байгаа нь нөлөөлжээ.

Татварын нийт орлого өмнөх оны мөн үеэс 25.5 хувиар өсөхөд нэмэгдсэн өртгийн албан татвар 79.4 тэрбум төгрөг, орлогын албан татвар 65.7 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 48.7 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Улсын нэгдсэн төсвийн орлогын 81.2 хувийг татварын орлого, 9.7 хувийг татварын бус орлого, 5.9 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 3.3 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байна. Харин татварын бус орлого 10.4 тэрбум төгрөг буюу 22. 4 хувиар буурчээ.
Б.Заяа

Монгол брэнд