top banner

Цахилгааны үнийн хөнгөлөлтийг аймгийн төвийн хэмжээнд 12 өрх л эдэлжээ


2018-04-12 18:34:00
Зураг
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор баталсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын дагуу 11 дүгээр сарын 1-ний өдрөөс энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хэрэгжүүлсэн. Гэвч аймгийн төв Есөнбулаг сумын 12 өрх л энэ хөнгөлөлтийг эдэлжээ.
 
Есөнбулаг сумын гэр хорооллын өрхүүдэд эрчим хүчээр хангагч "Алтайн-Улиастайн эрчим хүчний систем" ТӨХК-ийн зүгээс хоёр үйлдэлт тоолуур суурилуулахыг иргэдэд уриалж, мэдээлсэн ч анх удаа суурилуулж байгаа учир иргэдийн цахилгааны төлбөр багасна гэдэг итгэл үнэмшил бага, нөгөө талаар тоолуурыг 80,0 мянган төгрөгөөр суурилуулсан болохоор гэр хорооллынхон идэвхтэй хамрагдаж чадаагүй байна.
"Алтайн-Улиастайн эрчим хүчний систем" ТӨХК-д хүсэлтээ илгээсэн Есөнбулаг сумын 12 өрх шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифаа 50 хувь хөнгөлүүлж, таван сарын хугацаанд 1,175,4 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлж, өрхийн эдийн засгаа хэмнэсэн байна. Жишээлбэл нэг өрх сард 162.292 төгрөгийг цахилгаан эрчим хүчний төлбөрт зарцуулдаг байсан бол хоёр тарифт тоолуур суурилуулж шөнийн тарифын хөнгөлөлт эдэлж 104.200 төгрөг төлж, 58.200 төгрөгийн хэмнэжээ.
“Алтайн-Улиастайн ЭХС”-ийн Борлуулалтын хэлтсийн дарга Б.Алтанцэцэг, “Хоёр үйлдэлт тоолуур тавиулсан өрхүүд үр дүнгийн мэдэрсэн учир ирэх жил олон өрх нэмэгдэх байх. Өрх бүр хоёр тарифт тоолуур суурилуулснаар шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны төлбөрийн хөнгөлөлт эдэлж өрхийн эдийн засгаа хэмнэхээс гадна манай компаний цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл, түгээлтийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм” хэмээв.
Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг сум нь 16 мянган өрхтэй түүний 5360 нь аймгийн төвд байгаагаас гэр хороололд 3500 орчим өрх байдаг. Тэд өвлийн улиралд сард 15-150 мянган төгрөгийн цахилгаан хэрэглэдэг ажээ.
Э.Нарангэрэл 
 

Сурталчилгаа
Монгол брэнд