top banner

Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар гурвалсан гэрээ байгууллаа


2018-04-12 19:37:39
Зураг
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд өнөөдөр аймгийн Захирагчийн ажлын албаны дарга Э.Равжаадэлгэрэх, Нийтийн аж ахуй үйлчилгээний газар Н.Дорждэрэм, Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн захирал Н.Баярсүх нар хамтран ажиллах гурван талт гэрээнд гарын үсэг зурлаа.

Ингэснээр аймгийн ногоон байгууламжийн 2018-2020 он хүртэлх төлөвлөлтийн арга хэмжээний төлөвлөгөөт ажлуудыг зохион байгуулах, иргэн аж ахуйн нэгж байгууллагуудаар өөрсдийнх нь эзэмшил, ашиглалтад байгаа болон 50 м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжид тохижилт хийлгэх, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээ, хамгаалалтыг хариуцуулах ажлыг явуулах аж.

Гэрээнд зааснаар аймгийн Захирагчийн алба нь хяналт тавьж холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцож мэдээллээр хангах ажлыг явуулах бол Нийтийн аж ахуй үйлчилгээний газар нь иргэд, аж ахуй нэгж байгууллагыг татан оролцуулах, ногоон байгууламжийн талбайг цэвэрлэх, арчилгаа ургалтад хяналт тавих юм байна.
Харин Ургамал газар тариалангийн хүрээлэн нь ногоон байгууламжийн ургалт, арчилгаа, хамгаалалтад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, мод бутыг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх, “Шарилжгүй Дархан” аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулалтын машин техникээр дэмжлэг үзүүлэх, хотын ногоон байгууламжид тариалах мод бутны төрөл зүйл сонгох, олон жилийн төлөвлөлтийг хийх, ажилтнуудад сургалт явуулах эрх үүргийг хүлээх ажээ.

Дархан хотын тухайд 74 га ногоон байгууламжтай. Тус ногоон байгууламжид жил бүр мод, бут, цэцэг тарих ажлыг Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын ажилчид хийж гүйцэтгэдэг. Өнгөрсөн жил 10,000 гаруй мод, 110 мянган цэцэг тарьсан ажээ. Тэгвэл энэ жил 12,000 орчим мод, бут, 200 орчим мянган цэцэг тарихаар төлөвлөжээ.
Энэхүү хийгдэх ногоон байгууламжийн ажилд Ургамал. газар тариалангын хүрээлэнгийн холбогдох мэргэжилтнүүд  мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хөрсөнд тохирсон мод бут тариалах аргыг зааж ажиллах юм.
 
Л.Отгонбаатар


Монгол брэнд