top banner

Бүх багийн эмч нарыг унаажуулах ажлыг энэ онд дуусгана


2018-04-12 20:22:39
Зураг

Баянхонгор /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөдөөгийн хүн амд хүргэдэг багийн бага эмч, түргэн тусламжийн жолооч нарын өмнө тулгамдсан асуудлыг сонсох, нөхцөл байдлыг нь судлах, зарим асуудлыг шийдвэрлэх уулзалт зөвлөлгөөн Баянхонгорт боллоо. 
Зөвлөлгөөний эхэнд аймгийн Засаг дарга Г.Батжаргал "Аймаг орон нутгийн зүгээс анхан шатны нэгжид төрийн үйл ажиллагаа явуулж буй аливаа боловсон хүчнүүдээ боломж бололцоогоороо дэмжиж ажиллаж байгаа. 2012 оноос хойш багийн дарга, эмч мэргэжилтнүүдийн унаа буюу мотоцикль шинэчлэгдээгүй байсан бол өнгөрсөн жил 33 багийн эмчийг шинэ унаатай болгосон. Үлдсэн бүх багийн эмч нарыг зургадугаар сар гэхэд 150-аас дээш мотортой, том дугуйтай, бартаа туулах чадвартай  унаатай болгох, багийн эмч нэг бүрийн ажил байдлыг хөнгөвчилж, шуурхай мэдээлэл дамжуулах түгээх боломжоор хангаж мобайл технологиор хангах болсон"-оо мэдээлэв. Үргэлжлүүлэн ЭМЯ-ны ЭТХ-ийн дарга н.Баттүвшин ярихдаа, Багийн эмч нараа бүрэн бүрэлдэхүүнээр нь уулзуулж, зөвлөлдөж байсан удаа бусад аймгуудад ховорхон байдаг байх. Иймээс энэ боломжийг та бүхэн маань сайтар ашиглаж санал нэг бүрээ тодорхой гаргаж тавиарай, харин бид ажил хэрэг болгоход хамтарч ажиллана гэсэн юм.
Өнгөрсөн жил Баянхонгор аймагт эх нярайн эндэгдэл гараагүй бөгөөд чадварлаг эмч мэргэжилтнүүд малчны хотонд хагалгаа хийж эрдэнэт хүний амь нас аварсан, онгоцонд төрөх дөхсөн эх нярайн халуун амь насыг аварсан зэргийг удирдлагууд мөн үеэр онцолж байсан.
Зөвлөлгөөнд оролцогчид "Нийгмийн хамгаалал хангалтгүй, цалин үнэлэмж бага, төрөөс олгосон эмийн хангамж дутмаг, ажиллах орчин муу, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нь эдэлгээнээс гарсан, унаа тэрэг хомс, ойр болон алсын дуудлагад хүрэлцдэггүй. Мөн засвар үйлчилгээ, солих эд ангийн зардал хангалтгүй, олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсээ төр шагнаж урамшуулдаггүй, эмч сувилагч нарт таван жилд олгодог нэг удаагийн тэтгэмжийг жолооч нарт бас олгодог байх" зэрэг саналыг гаргаж байв.
Санал хүсэлтийг сонссоны дараа Засаг дарга Г.Батжаргал Жаргалант сумын хүн эмнэлэгт хагалгаа хийхэд шаардлагатай байгаа амьсгалын болон мэдээгүйжүүлэлтийн аппаратыг шийдвэрлэх, багийн эмч нарт зайлшгүй байх эмийн нөөцийг тогтоож 2019 оны төсөв дээр суулгуулж өгөхөө хэлэв. Мөн Өлзийт сумын багийн эмчээр 30 гаруй жил ажилласан н.Цэцгээгийн эмчилгээний зардалд нөөц хөрөнгөөсөө нэг сая төгрөг олгохоор боллоо. Мөн холбогдох бусад санал хүсэлтүүдийг аль болохоор цаг алдалгүй шийдвэрлэж өгөхөө хэлсэн юм.
Зөвлөлгөөний төгсгөлд удирдлагууд эмийн сан, сахарын аппарат, явуулын цүнх зэргийг  багтаасан бэлгийг багийн эмч нартаа гардуулж, шилдэг тэргүүний үйлстнүүдээ алдаршуулан төр засаг, аймаг орон нутгийн шагналаар шагналаа.                         

Б.Мөнхзул                   


Сурталчилгаа
Монгол брэнд