top banner

ОХУ-ын багш нар Баян-Өлгий аймгийн сургуулиудад хичээл зааж байна


2018-04-12 23:15:23
Зураг

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. ОХУ-ын Горно-Алтайскийн Улсын Их Сургуулийн багш, оюутнууд Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд хичээл зааж байна.

Багш, оюутнуудын багийг тус сургуулийн гадаад харилцааны асуудал эрхэлсэн дэд захирал Н.А.Юркова ахалж Өлгий хотод энэ сарын 2-ны өдөр иржээ.

Уг асуудлаар Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн дэргэдэх Орос хэлний төвийн Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал Х.Жулдызаас тодруулахад: "Багш нар манай аймагт нэг сарын хугацаагаар ирсэн. Энэ бол тус сургуулийн зүгээс хэрэгжүүлж буй "Баруун Монголд орос хэлийг сурталчлах төсөл"-ийн хүрээнд хийгдэж байгаа ажил юм. Одоо тэд тодорхой хуваарийн дагуу ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад орос хэлний хичээл зааж байна. Түүнчлэн аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын удирдлага, мэргэжилтнүүд болон аймгийн төвийн сургуулиудын захирал, орос хэлний багш нартай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан байгаа " гэлээ.

Мөн Баян-Өлгий аймгийн хүүхдүүдийг зуны улиралд ОХУ-д амраах,  Горно-Алтайскийн Улсын Их Сургуульд оюутан элсүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын мэргэжлийг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар урьдчилсан байдлаар тохиролцоод байгаа ажээ. 

Ө.Нурболат



Сурталчилгаа
Монгол брэнд