top banner

Энхийг сахиулагчид Жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ


2018-04-13 15:58:42
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж буй НАТО-ийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх Цэргийн хамгаалалтын ротын 7 дугаар ээлжийн цэргийн баг өнөөдөр Жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ.
Энэхүү арга хэмжээнд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар болон ЗХЖШ, Цэргийн командлалын бие бүрэлдэхүүн оролцож, энхийг сахиулагчдад амжилт хүссэн юм.
Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, “Монгол цэрэг дэлхийн цэрэг болсон энэ цаг хугацаанд эх орон, Зэвсэгт хүчнийхээ удирдлагын өгсөн үүргийн дагуу ажиллагааны газар орныг зорих гэж буй та бүхэндээ талархал илэрхийлж, амжилт хүсье. Монгол цэргийн ур чадвар, сахилга бат, тэсвэр хатуужлыг та бүхэн  үлгэрлэн харуулна гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд Монгол Улсын төрийн далбааг гардуулав.
Мөн үеэр цэргийн багийн дарга, хурандаа О.Банди “Бид бүхэн эх орон, төр засаг, цэргийн дээд удирдлагаас хүлээлгэсэн нэр хүндтэй бөгөөд өндөр хариуцлагатай үүргийг амжилттай биелүүлэх болно.  Цэргийн алба хаасан бүхий л хугацаа, ажиллагааны өмнөх сургалтын явцад олж авсан мэдлэг, дадлага, чадвартаа тулгуурлан үндсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэхээс гадна нэгнээ гэсэн дэмээр хамтдаа хичээнэ” гэлээ.
Ч.Ариунболд

Сурталчилгаа
Монгол брэнд