top banner

Эдийн засгийн коридорыг хэрхэн үр дүнтэй, оновчтой ашиглах талаар ярилцлаа


2018-04-13 22:02:44
Зураг
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайдын ажлын албанаас “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцах уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр буюу 13-ны өдөр Алтанбулаг суманд зохион байгууллаа.
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн гол асуудлын нэг бол чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх байлаа. Энэ асуудлын хүрээнд болж буй эл хэлэлцүүлэгт Монгол Улсын талаас Шадар сайдын ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Л.Саянаа, Шадар сайдын зөвлөх Ц.Ганболд тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид, ОХУ-ын талаас ОХУ-аас Монгол Улсад суугаа худалдааны төвийн төлөөлөгч Васильев Максим Викторович, ОХУ-аас Дархан хотод суугаа Ерөнхий Консул Доржиев Александр Цыденешиевич, ОХУ-ын Элчин сайдын яамны Гуравдугаар нарийн бичгийн дарга Мещанинов Максим Бориславович тэргүүтэй төлөөлөгчид болон хоёр улсын бизнесийн төлөөллүүд оролцлоо. Монголын ажлын хэсэгт ГХЯ, БХБЯ, ХХААХҮЯ, Гаалийн ерөнхий газар, МҮХАҮТ-ын төлөөлөл багтсан бол ОХУ-ын талын бүрэлдэхүүнд Буриад Улсын ЗГ, Эрхүү муж, “Дорнод Сибирийн” ХАҮТанхим, “Алс Дорнодын Хөрөнгө оруулалтыг татах, экспортыг дэмжих талаар зөвлөгөө өгөх агентлаг”-ийн төлөөлөл багтсан байв. Уулзалт хэлэлцүүлгийн үеэр Монгол, ОХУ, БНХАУ гэсэн гурван улсын Засгийн газрын тэргүүнүүд нийлж шийдэлд хүрсэн эдийн засгийн коридорын асуудлыг хэрхэн үр дүнтэй, оновчтой хэрэгжүүлж ажиллах вэ гэдэг асуудал гэдгийг Шадар сайдын ажлын албаны дарга, ахлах зөвлөх Л.Саянаа тодотголоо. Энэ удаагийн уулзалт, хэлэлцүүлгийн ач холбогдол үр дүн ч энэ агуулгад хүрэхэд чиглэгдэж байгаа аж. Мөн тэрээр Монгол Улс руу гадаадын хөрөнгө оруулалтыг татаад зөвхөн худалдаа үйлчилгээний салбарыг хөгжүүлэхэд хязгаарлахгүйгээр, цаашлаад Монгол Улсад бодит үйлдвэрлэлийг бий болгож, монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлүүдтэй байгуулсан гэрээнийхээ хүрээнд сурталчилж, борлуулж, монголынхоо худалдааны эргэлтийн экспортын баримжаатай чиглэлээ улам нэмэгдүүлье гэсэн зорилгыг дэвшүүлсэн. Үүнийг ОХУ-ын тал маш их сонирхож байгаа гэдгээ илэрхийлсэн хэмээн хэллээ. Мөн түүнчлэн хүнсний хуулийн дагуу чөлөөт бүс рүү ОХУ-ын хүнсний бүтээгдэхүүнүүд орох боловч, эргээд худалдаж авахад хуулиараа хориглосон байдаг байна. Иймээс хүнсний хуулийг шинэчлэн батлахаар Засгийн газарт өргөн барьсан байгаа гэдгийг мэргэжлийн хүн тайлбарлалаа. 
Уулзалт хэлэлцүүлэгт Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа оролцож аймгийнхаа байр суурийг илэрхийллээ. Энэхүү уулзалт, хэлэлцүүлгийг Сэлэнгэ аймгийн ЗДТГ, чөлөөт бүсийн захирагчийн албатай хамтран зохион байгууллаа.
Алтанбулаг худалдааны чөлөөт бүсэд өнөөдрийн байдлаар нийт гурван орны 9 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн нэвтэрч, 2.8 сая ам.долларын бараа борлуулж, 670 орчим түр ажлын байрыг бий болгожээ. Одоогийн байдлаар тус бүсэд дотоодын 100 гаруй аж ахуйн нэгж, гадаадын гурван компани, 40 гаруй хүн ажиллаж байгаа аж.
Ч.Отгонцэцэг

Сурталчилгаа
Монгол брэнд