top banner

“Эко Завхан аян”-д бүх сум, байгууллагуудыг оролцуулна


2018-04-13 22:21:01
Зураг

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн ЗДТГ-аас “Миний гоё сум” хөтөлбөрийн хүрээнд “Эко Завхан” аяныг сум, байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд зарлаад байна. Аяны хүрээнд аймгийн хэмжээнд орчны бохирдол доройтлыг бууруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхэд сум, байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг татан оролцуулж урамшуулах ажээ.
Энэхүү аяныг Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1, Улсын Их хурлын 2014 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан “Ногоон хөгжлийн бодлого“-ийн 2.2.2, Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор батлагдсан “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр“-ийн 2.2.5, Завхан аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.3 дахь зорилтуудыг үндэслэн зарлажээ. Аянд аймгийн бүх сум, байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцох бөгөөд энэ сарын 9-ний өдрөөс эхлэн 12-р сарын 31-ний өдөр хүртэл хоёр үе шаттай явагдах юм байна.
“Эко Завхан“ аянд оролцож буй байгууллага, сумууд нь байгууллагынхаа өнгө үзэмжийг сайжруулах, хог хаягдлыг цэвэрлэж зөөвөрлөх, мөн нийтийн эзэмшлийн зам талбай, аймгийн төвөөс 50 км тутамд хуваарийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээг хийж оролцох юм байна. Харин Хэвлэл мэдээллийн байгууллагууд эдгээр аянд оролцож буй сум, байгууллагын хог хаягдлын талаарх хийж хэрэгжүүлж байгаа сайн туршлага, ажил, хангалтгүй оролцож байгаа мэдээллийг нь ч бас олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон, цахим орчинд мэдээлэх үүргийг гүйцэтгэх юм байна.
Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хог хаягдлын талаарх нийтлэл мэдээлэл сурвалжлагыг бэлтгэж олон нийтэд үр дүнтэй мэдээлж амжилттай оролцвол мөнгөн шагналыг гардах юм байна.

Б.Мягмарсүрэн



Монгол брэнд