top banner

Завханы 24 суманд сурын харвааг жигд хөгжүүлнэ


2018-04-13 23:44:59
Зураг

Завхан/МОНЦАМЭ/. Завханы Засаг даргын санаачилгаар Завханы Биеийн тамир спортын газар, Боловсрол Соёл Урлагийн газар хамтран 24 суманд энэ сарын 9-ний өдрөөс үндэсний сурын харвааны сургалт явуулж эхэлжээ. Энэхүү сургалтаар дамжуулан Монголын ард түмний үнэт өв соёл болсон эрийн гурван наадмын нэг үндэсний сурын харвааг орон нутагтаа өргөн хүрээнд хөгжүүлж дэлгэрүүлэх, ёс уламжлалаа залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой ажээ.

Сургалтыг Дөрвөлжин сумын уугуул, Монгол Улсын Даян мэргэн Б.Ёндон, түүний аав Монгол Улсын гарамгай харваач Х.Баасанхүү, Үндэсний сурын харвааны хүндэт мэргэн н.Санжаасүрэнгээр ахлуулсан багууд  24 сумыг гурван бүсэд хувааж сум бүрт гурав хоногийн хугацаатай явуулж байна. Сургалтанд сонирхсон хүн бүр хамрагдах боломжтой бөгөөд насанд хүрэгчид хүүхэд гэсэн ангиллаар суралцах юм байна. Энэхүү сургалтанд хамрагдсан иргэдийн дунд тэмцээн зохион байгуулж сум бүрээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван харваачийг ирэх тавдугаар сард Улиастай сумд болох аймгийн аварга шалгаруулах, үр дүн тооцох тэмцээнд оролцуулах ажээ. Цаашид харваачдыг тухайн жилийн тэмцээнүүдийн дүнг харгалзан шалгаруулж, нэгдсэн бэлтгэл сургуулилт хийснээр Улсын баяр наадам, улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцуулж байх юм байна. Сургалтын дараа сум бүрт “Сумын үндэсний сурын харвааны холбоо”-г байгуулснаар Монгол хүний ёс суртахуун, гоо зүй, зан үйлийн олон сайхан өв уламжлалыг шингээсэн сурын харвааг 24 суманд жигд хөгжүүлэх боломж бүрдэнэ хэмээн сургалтыг зохион байгуулагчид мэдээлэв.
Сонирхуулахад 1990 оноос хойш 28 жилийн хугацаанд Завхан аймгаас Дархан мэргэн нэг, Даян мэргэн хоёр, Улсын мэргэн дөрөв, Улсын гарамгай харваач хоёр, Улсын гоц харваач гурав төржээ. Үндэсний сурын спортын мастер, дэд мастер 40 төрсөн байдаг. 

Б.Мягмарсүрэн



Монгол брэнд