top banner

Хүлэмжийн тариалалт 10 хувиар өсчээ


2018-04-14 12:52:57
Зураг
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн тариалан эрхлэгчид өнгөрсөн онд 8109 м2 талбайд хүлэмжийн тариалалт хийж 24 тонн ургац хураан авсан нь урьд оныхоос 10 хувиар өссөн үзүүлэлт,  энэ жил өмнөх оныхоо амжилтыг бататгаж тариалалтаа нэмэгдүүлнэ гэж аймгийн ХХААГ-аас мэдээлээ.

Дорноговь аймагт 2016 онд Чехийн Засгийн газар, Швейцарын хөгжлийн агентлаг, “Монгол төмс” хөтөлбөрийн санхүүжилтээр байгуулагдсан агро паркад түшиглэж улаан лоолийн "Толстой” хэмээх шинэ сортыг хүлэмжинд зориулж анх удаа тариалснаас гадна хоёр төрлийн байцаа, гурван төрлийн өргөст хэмхний сорт тарьсан нь амжилттай ургажээ.
2018 онд тус аймгийн газар тариалан эрхлэгчид жилийн дөрвөн улиралд ажиллах боломжтой “Нарлаг хүлэмж” байгуулах, “Өрхийн хэрэгцээг-Өөрийн хашаанаас” төслийг эхлэх, “Дорноговийн тарвас” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, шинэ төрлийн жимс, жимсгэнэ тариалах туршилт хийх, хүлэмжийн тариалалтыг нэмэгдүүлэх зэрэг олон ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Мөн дөрөвдүгээр сарын 13-нд Дорноговь аймгийн ЗДТГ, ХХААГ хамтран тус аймгийн газар тариалан эрхлэгчдийн сургалт зөвлөлгөөн Сайншанд хотод зохион байгууллаа. Зөвлөлгөөнд Монгол Улсын зөвлөх агрономич, доктор Ө.Жүүпэрэлмаа оролцож газар тариалангийн чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, шийдвэр хийгээд хүнсний ногоо, жимс жимсгэнийг говийн бүсэд тариалах, хүнсний ногоо төслийн хэрэгжүүлж буй арга хэмжээ, бүлэг нөхөрлөл байгуулах борлуулалтын нэгдсэн сүлжээг дэмжих талаар мэдээлэл хийж харилцан ярилцсан аж.
Дорноговь аймгийн тариалан эрхлэгчид болон айл өрхүүд 2017 онд нийт 102.6 га талбайд тариалалт хийж 461,02 тонн ургац хураан авчээ. 
Х.Эрдэнэбулган

Сурталчилгаа
Монгол брэнд