top banner

Хөшөөт тосгон нүүлгэн шилжүүлэхтэй холбогдуулан тооллого, судалгаа явагдлаа


2018-04-15 20:43:18
Зураг
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймаг болон Мон Эн Ко ХХК хоорондын 2017-2020 онд хамтран ажиллах гэрээний дагуу Хөшөөтийн нүүрсний уурхай дахь Цэцэг сумын Хөшөөт багийг нүүлгэн шилжүүлэх, суурьшуулах хамтарсан ажлын хэсгийг аймгийн Засаг даргын энэ оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/108 дугаар захирамжаар баталсан юм. Ажлын хэсгийн хурлын шийдвэрээр аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүхээр ахлуулсан судалгааны баг Цэцэг сумын Хөшөөт багийн нийт өрх, хүн ам, үл хөдлөх хөрөнгийн бодит тоон судалгааг энэ оны энэ сарын 12-14-ний өдрүүдэд хийж гүйцэтгэлээ.
Судалгааны багийн зорилго нь Цэцэг сумын Хөшөөт багийг нүүлгэн шилжүүлэх, суурьшуулахад шаардлагатай судалгааг иргэдийн оролцоотой гаргах, багийн нийт өрх, хүн ам, үл хөдлөх хөрөнгийн тоон судалгааны нэгдсэн дүнг ажлын хэсэгт танилцуулахад чиглэж байв.
Тус судалгааны багийн анхдугаар хурал Хөшөөтийн нүүрсний уурхайн хурлын танхимд болж, Хөшөөт багийн өрх, хүн ам, үл хөдлөх хөрөнгийн судалгааг хэрхэн зохион байгуулах талаар санал солилцож, судалгаа авах аргачлалын талаар нэгдсэн ойлголт мэдээлэлтэй болсон юм.
Судалгааны баг нь Мон Эн Ко ХХК-ний Хуулийн зөвлөх М.Энхмандах, Цэцэг сумын Засаг даргын орлогч Б.Одонбаяр, Дарви сумын Байгаль орчны улсын байцаагч Н.Батболд тэргүүтэй 17 хүний бүрэлдэхүүнтэй ажиллалаа.
Цэцэг сумын Хөшөөт баг нь 215 өрх, 820 орчим хүн амтай. Үүнээс судалгаанд нийт 174 өрхийн 719 иргэн хамрагдсанаас Цэцэг сумын Хөшөөт багийн 145 өрхийн 591 иргэн, Дарви сумын харъяат 20 өрхийн 94 иргэн, бусад сум, багийн харъяалалтай 9 өрхийн 34 иргэн байна. Үл хөдлөх хөрөнгийн тооллогоор өөрийн эзэмшлийн хашаатай 111 өрхийн 47 нь газар эзэмших гэрчилгээтэй, 64 нь гэрчилгээгүй байна. Мөн хашаагүй 63 өрхийн 12 нь газар эзэмших гэрчилгээтэй, 51 нь гэрчилгээгүй байна. Хөшөөт тосгонд нийт 158 өрхийн 213 барилга байгаагаас байшин 37, амбаар 138, граж 3, үйлчилгээний зориулалттай барилга 14, бусад /малын хашаа, саравч, морины зүчээ гэх мэт/ 21 байна. Судалгаанд 61 өрхийн 44 хаваржаа, 19 өвөлжөө тоологдсон байна.
Хөшөөт баг нь Хөшөөтийн нүүрсний уурхайгаас 20-30 орчим метрийн зайд байдаг. Судалгааны үеэр Хөшөөт багийн иргэдийн зүгээс уурхайн үйл ажиллагаа, хөрсний эвдрэл, тоосжилтоос шалтгаалж хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа учраас нүүлгэн шилжүүлэх ажлыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.
                                                                                                                А.Бямбасүрэн


Сурталчилгаа
Монгол брэнд