top banner

Сиднейг гурван хот болгож хуваана


2018-04-16 12:44:44
Зураг
СИДНЕЙ. /Си-Эн-Эн/. Австрали улс хамгийн олон хүн амтай Сидней хотоо гурван хот болгож хуваахаар төлөвлөж  байгаа тухай “Си-Эн-Эн” телевиз мэдээллээ.

Сиднейг ирэх 20 жилийн дотор гурван хот болгох төлөвлөгөөг өнгөрсөн сард гаргасан гэж тус хотын Газар ашиглалт хариуцсан газрын хэвлэлийн төлөөлөгч ярьжээ.

Хүн амын өсөлт, орон сууцны үнэ  тэнгэрт хадах болсон,  замын түгжрэл зэрэг тулгамдсан томоохон асуудлуудыг шийдвэрлэхийн тулд тус хотыг гурван хэсэг болгож хуваах шийдвэр гаргасан байна.

“Нэг хотыг гурав болгож хувааснаар оршин суугчдын орон сууцанд орох, ажлын байр олох болон бусад боломж нэмэгдэнэ. Ерөнхийдөө энэ шийдвэрийн зорилго нь сиднейчүүдийн аж амьдралыг дээшлүүлэх юм” гэж хэвлэлийн төлөөлөгч ярьсан байна.

Сиднейг гурав хуваагаад “Зүүн эргийн хот” “Төв голын хот” болон “Баруун Паркленд хот” гэж нэрлэхээр төлөвлөжээ.

2016 онд 4.8 сая байсан Сиднейн хүн ам 2056 он гэхэд бараг хоёр дахин нэмэгдэн 8 саяд хүрэх төлөвтэй байгаа аж. 2017 оны 12 дугаар сарын байдлаар Австрали улсын хэмжээнд байрны үнэ дунджаар 630 мянган доллар байсан бол Сиднейд 914 мянган доллар байжээ.

Шинэ төлөвлөгөөний хүрээнд Зүүн эргийн хот нь “эдийн засгийн тулгуур” болж нөгөө хоёр хотоо дэмжих аж.

Г.Доржханд
 


Сурталчилгаа
Монгол брэнд