top banner

“Хонхтой бөмбөг” спортын шигшээ багт “Номин холдинг” ХХК дэмжлэг үзүүлэв


2018-04-16 16:45:45
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хонхтой бөмбөг” спортын 2018 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын шигшээ багийн тамирчдад “Номин холдинг” ХХК-ийн хамт олон 3 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.

Тус тэмцээн дөрөвдүгээр сарын 15-20-нд БНХАУ-ын Хангжоу хотноо болно. “Номин холдинг” ХХК нь цаашдаа харааны бэрхшээлтэй иргэдийн “Хонхтой бөмбөг” спортыг нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжин, шигшээ багийн тамирчдыг нь цагийн ажлаар хангаж ажиллахаа илэрхийлсэн юм.

“Хонхтой бөмбөг” спорт нь харааны бэрхшээлтэй иргэдийн хувьд хамгийн чухалд тооцогддог спорт юм. Монголын хонхтой бөмбөгийн холбоо нь 2012 онд үүсгэн байгуулагдаж, уг спортоор харааны бэрхшээлтэй хүүхэд залуусыг хичээллүүлж эхэлжээ.

Энэ спорт нь тэдний бие бялдрыг нь чийрэгжүүлэн хөдөлгөөний хомсдолоос сэргийлэхийн зэрэгцээ баг тамирчдаа олон улсын түвшинд хүргэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа юм.

Ази тивийн АШТ-д оролцох шигшээ багийн тамирчид, чухал үед бодитой дэмжлэг үзүүлсэн “Номин Холдинг” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлж, цаашдаа олон байгууллага, хувь хүмүүс энэ спортыг ойлгож дэмжих эхлэл болсонд баярлаж байв.

Д.Өлзий

Монгол брэнд