top banner

Шинзо Абэ Умард Солонгосын асуудлаар хамтран ажиллахыг Хятад улсад уриалав


2018-04-17 10:29:28
Зураг
ТОКИО. /Киодо/. Умард Солонгосыг цөмийн зэвсгээс нь эргэлт буцалтгүйгээр татгалзуулахын тулд манай хоёр улс хамтран ажиллах хэрэгтэй байна гэж Японы Ерөнхий сайд Шинзо Абэ БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И-г хүлээн авч уулзах үеэрээ хэлжээ.

“Киодо” агентлагийн мэдээлснээр, Ш.Абэ Хятадын Гадаад харилцааны сайдыг даваа гарагт буюу өчигдөр албан өргөөндөө хүлээн авч уулзсан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хэлэлцээ хийхээр Вашингтон хот руу мордох гэж байгаагаа Ш.Абэ уулзалтын үеэр дурдаад “Д.Трамптай Умард Солонгосыг цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөс нь эргэлт буцалтгүйгээр татгалзуулах арга замуудыг авч хэлэлцэх болно” гэжээ.

Ш.Абэ цааш нь ярихдаа “Япон болон Хятад улсын аль аль нь Умард Солонгостой холбоотой асуудлыг шийдвэрлэх хүсэлтэй байгаа учир бид илүү нягт хамтран ажиллах хэрэгтэй байна” гэжээ.

Ирэх сард Япон, Хятад болон Өмнөд Солонгосын засгийн газрын тэргүүнүүд гурван талын уулзалт хийхээр төлөвлөөд байгааг Ш.Абэ мөн дурдаад “Энэ уулзалтын үеэр Япон болон Хятад хоорондын харилцааг харилцан ашигтайгаар хөгжүүлэх боломжуудыг бид олж харж, шүүрч авах хэрэгтэй” гэсэн байна.

Хариуд нь сайд Ван И “Японы Засгийн газар манай улстай харилцаагаа бэхжүүлэх хүсэлтэй байгаад баяртай байна” гэж хэлжээ. Мөн тэрбээр “худалдааны дайн өдөөж байна” гэж Д.Трампыг шууд бусаар шүүмжлээд “Протекционизм буюу гаалийн татвараар дамжуулан худалдааг ивээх бодлого дэлхийн худалдааны дүрэм журмуудыг зөрчиж, чөлөөт худалдаа явуулахад сөргөөр нөлөөлж байна. Дангаар арга хэмжээ авах нь олон улсын харилцааны үндсэн зармчуудад харшилсан хэрэг” гэжээ.

Г.Доржханд

Монгол брэнд