top banner

Барилгын кран унасан хэргийг хамтарсан ажлын хэсэг шалгаж байна


2018-04-17 11:35:03
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн МХГ-аас барилгын ажлын улирал эхэлсэнтэй холбогдуулан анхааруулга өгч байна. Учир нь, өчигдөр 17 цагийн үед  Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Алтай констракшн” ХХК-ын барьж буй "Саруул" хотхоны барилгын талбайд туслан гүйцэтгэгч “Тольт дэнлүү” ХХК-ийн 36 метрийн өндөртэй цамхагт кран унаж нэг хүн гэмтсэн хэрэг гарлаа.
“Тольт дэнлүү” ХХК-ийн ажилчин БНАСАУ-ын иргэн 35 настай эрэгтэй Ч крантайгаа унаж хөнгөн бэртсэн байсныг нийслэлийн түргэн тусламжийн  шуурхай бүрэлдэхүүн ГССҮТ-д хүргэсэн байна. Ослын газарт ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан шуурхай ажлын хэсэг очиж ослын нөхцөл байдалтай танилцахад дээрх кран 17, 18 дугаар үеэрээ хугарч, зэргэлдээх “Баянмонгол” хотхоны байрны дээвэр дээр унаж, буцаж газарт унахдаа “Приус-30”, “Приус-20”, “Приус-20”, “Вингөурд” загварын автомашинуудын дээр унаж гэмтэл учруулжээ. Бас "Баянмонгол" хотхоны дээд давхрын айлуудын дээврийн хэсэтг ч гэмтэл гарсан байна.  Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хамтарсан ажлын хэсэг ослын газрын үзлэг, шалгалтыг явуулсан, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Ж.Батсайхан

Сурталчилгаа
Монгол брэнд