top banner

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах хэрэгсэл үйлдвэрлэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлэх ёстой гэв


2018-04-17 12:51:05
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХНХЯ, “Тэгш нийгэм холбоо” ТББ хамтран өнөдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд тулгамдаж буй асуудал, гарц, шийдэл” уулзалт зохион байгуулав.

Энэ удаагийн уулзалтын зорилго  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангасан аж ахуйн нэгжүүдэд төрөөс дэмжлэг үзүүлэх, татварын орчин нөхцлийг сайжруулахад чиглэв. Хөдөлмөрийн тухай хууль хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангасан аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлэх тухай олон заалт байдаг. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан аж ахуйн нэгжүүдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нугалсантай тэнцэхүйц хэмжээний мөнгөн урамшууллыг жилд нэг удаа олгодог. Гэвч төрийн болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сул байдгаас үүдэн энэхүү заалт төдийлөн хэрэгжихгүй байгааг Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны ерөнхийлөгч Ц.Мөнхсаруул дурьдлаа.
Мөн тэрбээр, “2017 оны тоон мэдээллээр Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 103 мянга 600 иргэн байдаг бөгөөд үнээс 80 мянга нь хөдөлмөрийн насны иргэн байна. Гэвч ердөө 19 мянга нь хөдөлмөр эрхэлж байгаа. Хөдөлмөрийн тухай хуульд 25 болон түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж заавал хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангана гэсэн хуулийн заалт байгаа хэдий ч хэрэгжихгүй байна. Энэ нь иргэн, аж ахуйн нэгжүүд хуулийн заалтаа төдийлөн мэдэхгүй байгаатай холбоотой. Тиймээс уг заалтыг олон нийтэд  сурталчлан таниулах нөлөөллийн ажил зохион байгуулах шаардлагатай” гэлээ.

Мөн үеэр, “Тэгш Нийгэм холбоо” ТББ-ын тэргүүн Л.Энхбуянт, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн авч ажиллуулах хуулийн заалтад өөрчлөлт оруулах шаардлагатай. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг 10 хувь, 20, 50 хувийн хөдөлмөрийн чадвар алдагалтай хэмээн ангилдаг. Тэгвэл 25 хүний орон тоотой аж ахуйн нэгж хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлыг байраар хангах заалтыг дээрх хувьтай уялдуулах ёстой. Өөрөөр хэлбэл, 25 хүний орон тоотой аж ахуйн нэгж нийт 150 хувийн хөдөлмөрийн чадвар алдагдалтай хүмүүсийг ажлын байраар хангана гэсэн хуулийн заалт оруулж болно. Ингэвэл тухайн байгууллага 10 хувийн хөдөлмөрийн чадвар алдагдалтай 15 хүн ажилд авах, эсхүл 50 хувийн бэрхшээлтэй гурван иргэн ажилд авах зэрэг сонголттой болно. Ингэснээр хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх томоохон боломж болох юм” гэлээ.

Нөгөөтэйгүүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шаардлагатай тэргэнцэр, таяг болон бусад туслах хэрэгслийн үйлдвэрлэгч, импортлогч нарт төрөөс татварын хөнгөлөлт, дэмжлэг үзүүлдэг байх шаардлагатай гэдгийг уулзалтад оролцогчид хэлж байлаа. Ингэснээр амьжиргааны түвшин доогуур, орлого багатай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, өөрт шаардлагатай туслах хэрэгслийг хямд үнээр худалдан авахад томоохон түлхэц үзүүлнэ хэмээн үзэж байгаа аж.
Уулзалтын төгсгөлд дээр дурьдсан саналуудыг нэгтгэн УИХ-д өргөн бариад буй Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, болон Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах ажлын хэсэгт хүргэх юм.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр

Сурталчилгаа
Монгол брэнд