top banner

Шанхайн эрдэмтэд эрүүл эсийг гэмтээхгүйгээр хорт хавдрыг эмчлэх аргыг боловсруулж байна


2018-04-17 15:10:59
Зураг
ШАНХАЙ. /TASS/. Хорт хавдрыг эмчлэх уламжлалт химийн эмчилгээнээс өөр аргыг боловсруулах тал дээр Шанхайн эрдэмтэд үсрэлт хийж чадлаа. SHINE мэдээллийн цахим хуудсанд бичсэнийг үзвэл, Хятадын ШУА-ийн дэргэдэх Шанхайн керамикийн хүрээлэнгийн судлаачид эрүүл эсүүдийг гэмтээхгүйгээр хавдрын эсүүдтэй тэмцэх шинэ технологийг боловсруулах боломжийг олгохуйц нээлтийг хийжээ.
 
Ердийн химийн эмчилгээний явцад хавдрын эсүүд төдийгүй эрүүл эсүүд үхдэг учраас энэ нь дархлааг сулруулж, янз бүрийн дагалдах гаж нөлөөтэй байдаг байна. Дээрх цахим хуудсанд бичсэнээр, нано хэсгүүдийг ашиглан хийх эмчилгээний аргыг боловсруулсан бөгөөд нано хэсгүүд нь бие организмд нэвтрэхдээ эрүүл эсүүдэд хохирол учруулахгүйгээр зөвхөн хавдрын эсүүд рүү чиглэдэг ажээ. 
 
Органик бус, хортой бус нано хэсгүүдийг ашиглан хавдрын хүчиллэг орчинд урвал үүсгэх нь шинэ технологийн гол онцлог юм. Нано хэсгүүд нь хүчилтөрөгчийн молекулуудыг их хэмжээгээр хэрэглэдэг ба ингэснээр хавдрын эсэд тэжээлийн бодис нэвтрэхэд саад хийдэг байна. Үүний дүнд хүчилтөрөгч болон тэжээгч бодисгүй болсон өвчтэй эс үхнэ.
 
“Хулгана дээр хийсэн туршилтын дүнг үзвэл, эмчилгээ хийсний дараа хавдрын хэмжээ 85 орчим хувиар багассан, гэхдээ эмчилгээний энэ арга зөвхөн лабораторийн судалгааны шатандаа байгаа ” гэж дээрх хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ши Зянпинь ярилаа. Эмчилгээний шинэ арга нь мөн үсэрхийллийг зогсооход үр дүнтэй болох нь харагджээ.
 
Э.Аянзаяа 

Монгол брэнд