top banner

Д.Сумъяабазар: Ерөнхий сайдын айлчлалын үр дүнд нүүрс тээвэрлэгч автомашины нэвтрэх чадвар сайжрав


2018-04-17 15:16:49
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлаараа аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл 3.3 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 584.3 тэрбум төгрөгөөр өслөө хэмээн мэдэгдлээ.

Тодруулбал уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл эхний улиралд 2.4 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 20.4, нүүрс олборлолт 784.4 тэрбум төгрөгт хүрч,  жилийн өмнөхөөс 214.1 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй гарсан  байна. Мөн металлын хүдэр олборлолт 1.3 их наяд төгрөгт хүрсэн 2017 оноос 150.6 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 72.2 хувийг эзэлж буй юм.

Салбарын яам Баялгийн сангийн тухай хуулийг боловсруулан УИХ-д өргөн барихаар ажиллаж байгаагаа мэдээллийн эхэнд дуулгасан юм Энэ тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ярихдаа, “Сингапур, Казахстан, Норвеги зэрэг орнууд баялгийн сангаараа дамжуулан хуримтлал бий болгож, нийгмийн салбаруудаа хөгжүүлсэн байдаг. Казахстан  баялгийн хоёр сангаар дамжуулан хувьцааны арилжаа хийж байна. Баялгийн сантай улс орнууд хөгжиж буйг бид зүгээр хараад сууж боломгүй. Дэлхийн зах зээл дээрх эрдэс баялгийн үнийн өсөлт биднийг хүлээхгүй. Тиймээс  “Эрдэнэс Монгол” компани дээр түшиглэн баялгийн сан, үндэсний хуримтлалын санг бий болгохоор ажиллаж байна. Дээрх сангийн хуулиудыг УИХ-ын гишүүд болон Засгийн газрын түвшинд дэмжсэн. Эдийн засгийн эргэлтэд уул уурхайн салбарын бүтээгдэхүүнийг  оруулахын тулд  эхлээд дэд бүтцийн асуудлыг шийдэх хэрэгтэй”гэв.

Тэрээр сэтгүүлчдийн асуултад ийнхүү хариулав.

-Ерөнхий сайдын БНХАУ –д хийсэн албан айлчлалаар уул уурхайн салбарт дорвитой шийдэл гарав уу. Петрочайна компанитай бүтээгдэхүүн хуваах гэрээний асуудлыг хөндсөн үү?

-БНХАУ Монгол Улсыг бүх талаар нь дэмжиж ажиллана гэдгээ айлчлалын хүрээнд илэрхийлсэн.Айлчлалын үр дүн өчигдрөөс эхлэн гарч байна гэж хэлж болно.Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдийн хамтаар БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд Замын-Үүд, Гашуунсухайтын боомтыг БНХАУ-ын 148 сая юанийн буцалтгүй тусламжаар сайжруулах, өргөтгөхтэй холбоотой баримт бичигт гарын үсэг зурсан.
УИХ, Засгийн газрын гишүүд Өмнөговь аймаг дахь Гашуунсухайтын хилийн боомтод энэ сарын 12-ны өдөр гаалийн газар, хил хамгаалах байгууллагын шалган нэвтрүүлэх застав, экспорт, импорт хил хорио цээрийн хяналтын газар, гадаадын иргэн, харьяатын газрын өмнөд бүсийн газрын Гашуунсухайт тасгийн дарга нар болон нүүрс тээвэрлэдэг жолооч нартай уулзалт хийлээ. Гашуунсухайтын хилийн боомт өчигдрөөс эхлэн бүрэн хүчин чадлаараа буюу 6 гарцаар нүүрс гаргаж эхлэв. Харин “Петро чайна” ХХК-тай 1993 онд байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээнд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах ажлын хэсэг  байгуулаад явж байна.

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрснээс 268 мянган тонн нүүрс дутсан гэх юм. Энэ үнэн үү. Яагаад нүүрс дутах болов?

- Яагаад  нүүрс дутсан эсэхийг судлаад   мэдээлэл өгье. 268 мянган тонн нүүрс алга болсныг судлах ажлын хэсэг байгуулна.

-Оюутолгойн  гэрээний асуудал нэлээн дэвэрч байна. Эхнээсээ төрийн томоохон алба хашиж байсан нөхдийг шалгаж байна. Рио Тинто группээс үүнтэй холбоотой мэдээлэл ирүүлсэн үү?

-Гэрээний асуудлыг хуулийн байгууллагууд  шийдвэрлэх байх. Ер нь бол Оюутолгойн гэрээ ямар нэг байдлаар гацахгүйгээр явах нь зүйтэй гэж бодож байна.  Рио Тинто группээс тайлбар, мэдээлэл ирүүлээгүй.
 
 Б.Заяа

Сурталчилгаа
Монгол брэнд