top banner

Үндэсний спортын VI их наадам ирэх наймдугаар сард болно


2018-04-17 17:15:27
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний спортын VI их наадам зохион байгуулах хорооны хоёрдугаар хурал БСШУСЯ-нд өнөөдөр боллоо.

Хурлаар их наадмын зохион байгуулах хорооны гишүүдийн ажил үүргийн хуваарь, ирэх наймдугаар сард хийхээр төлөвлөсөн “Нүүдэлчин” фестивалийн танилцуулга болон 2018 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэх зэрэг асуудлыг шийдвэрлэв.
Их наадам нь үндэсний спорт, тоглоом наадгай, ёс заншил, зан үйл, соёлын биет болон биет бус өвийг өсвөр үеийнхэнд өвлүүлэн таниулах, гадна дотоодын жуулчид болон судлаачдад сурталчлах зорилготой юм. Их наадмыг олон нийтийн дунд түгээмэл дэлгэрсэн зуны 10, өвлийн дөрвөн үндэсний спортын төрлөөр зохион байгуулна. Тодруулбал, их наадмын зуны төрөлд үндэсний бөх, үндэсний сурын харваа, хурдан морины уралдаан, шагайн харваа, ширээний шагай, жороо морины уралдаан, уран уургач, бугуйлч, эмнэг булгиулагч, буриад, урианхай, уламжлалт сурын харваа гэсэн 10 төрлөөр зохион байгуулах юм.
Харин өвлийн төрөлд мөсний шагай, мөсний сурын харваа, тэмээн поло, хурдан тэмээний уралдаан багтжээ. Энэ жилийн их наадмын өвлийн төрөлд мөсний шагай, мөсний сурын харваа тэмцээнийг амжилттай зохион байгуулсан бол шүлхий өвчин гарсантай холбоотойгоор тэмээн поло, хурдан тэмээний уралдааныг ирэх жил явуулахаар болсон юм. Харин ирэх 8 дугаар сарын 11-15-ны өдөр Хүй долоон худагт их наадмын зуны 10 төрлийн тэмцээн болох бөгөөд улсын хэмжээнд хоёр үе шаттай явагдана. Анхан шатны тэмцээн аймаг, дүүргийн хэмжээнд 6 дугаар сарыг дуустал болж тэндээс шалгарсан баг, тамирчид Хүй долоон худагт болох шигшээ тэмцээнд оролцох эрхээ авах юм.

Монгол брэнд