top banner

СХД-ийн 26 дугаар хорооны 240 хүүхэд шинэ цэцэрлэгтэй болов


2018-04-17 17:44:14
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд  253 дугаар цэцэрлэг өнөөдөр нээлтээ хийж, хүүхдүүдээ хүлээн авлаа.
Нийслэлийн хөрөнгө оруулалт 1,7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 240 хүүхдийн хүчин чадал бүхий цэцэрлэгийн барилгын ажлыг  “Глобаарост” ХХК хийж гүйцэтгэжээ. 
Цэцэрлэгийн нээлтэд НЗД-ын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа хэлэхдээ, “НЗД-ын  2020 он хүртэлх үйл ажиллагааны үндсэн чиглэл, мөрийн хөтөлбөрт цэцэрлэггүй хороо гэж байхгүй болгох зорилт тавьсан. Хоёр жилийн өмнө нийтдээ нийслэлийн хэмжээнд 26 хороо цэцэрлэггүй байсан. Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор нийслэлийн хэмжээнд цэцэрлэггүй 23 хороо үлдэж байна. Цэцэрлэг ашиглалтад орсноор 400 гаруй хүүхэд хамрах боломжтой болж байна. Тус хороо нь цэцэрлэгийн насны 1300 хүүхэдтэй. Хорооноос сонгогдсон нийслэлийн төлөөлөгч, УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр Улаанчулуутын хогийн цэгт цэцэрлэг барих үйл ажиллагааг мөн эхлүүлээд байна” гэв.
Тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Байгальмаа хэлэхдээ, “Манай цэцэрлэг 240 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай боловч өнөөдрийн байдлаар 26 дугаар хорооны хамран сургах тойргийн сургуулийн өмнөх насны 415 хүүхдийг хамруулан, хичээл сургалтын үйл ажиллагаагаа эхэллээ. Манай хамт олон боловсролын чанарын шинэчлэлийн суурь үзэл баримтлал болсон “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх” бодлогыг чанартай хэрэгжүүлэхийн тулд итгэл зүтгэл, сэтгэлээрээ нэгдэн ажиллах болно” хэмээн онцлов.
Цэцэрлэгийн нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга  Ж.Сандагсүрэн болон дүүргийн төр захиргааны байгууллагын ажилтнууд,  иргэд, эцэг эхийн төлөөлөл оролцов.
Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр


Монгол брэнд