Ховд голын эргээс хулгайгаар хайрга олборлосон зургаан тохиолдол бүртгэгджээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2018-04-20 15:30:43

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Он гарснаас хойш Ховд голын сав дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон зургаан тохиолдол бүртгэгдэж, эзэн холбогдогч нар нь хуулийн байгууллагад шалгагдаж байгаа талаар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Тодруулж хэлэхэд, иргэд Бугат сумын төв орчмоор голын эргээс хулгайгаар хайрга олборлож, аймгийн төв рүү тээвэрлэж байгаад баригдсан байна.

Албаны эх сурвалжийн тайлбарласнаар хаврын урин цаг ирж, газар шороо, барилгын ажил эхэлсэнтэй холбогдуулан дээрх хууль бус ажиллагаа нэмэгдэх хандлагатай болжээ. Иймд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Бугат сумын Засаг даргын Тамгын газартай хамтран "Ховд голын сав дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтод хяналт тавих сарын аян"-ыг энэ сарын 16-наас эхлэн нэг сарын хугацаагаар зохион байгуулж эхэлсэн байна. Энэ талаар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д.Айбекээс тодруулахад: "Аяны хүрээнд холбогдох байгууллагуудтай хамтран Усны тухай, Амьтны тухай, Ашигт малтмалын тухай хуулиудыг иргэдэд сурталчлах, аймгийн төв орох замуудад хяналт шалгалт хийх юм. Усны тухай хуулиар голын эргээс 50 метрийн дотор онцгой бүс, 200 метрийн дотор энгийн бүс тогтоож, ямар нэгэн олборлолт хийхийг хориглосон. Бугат сумын нутаг дэвсгэрт хайрга олборлохоор зөвшөөрөгдсөн хоёр газар байгаа ч иргэд зохих төлбөрөөс зайлсхийж хулгайн замаар хайрга олборлох асуудал гарсаар байгаа" гэсэн мэдээллийг өглөө.

Түүнчлэн аймгийн  удирдлагаас Өлгий болон Бугат сумын иргэд, аж ахуйн нэгжүүдэд зориулж хайрганы карьер нээж өгөхийг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгосон байна. Энэ ажлыг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар судалж байгаа ба дараагийн долоо хоногт багтаан ажил хэрэг болгох ажээ.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ