Эмч нар ирэх оноос эхлэн хийснээрээ цалинжих боломжтой болно

Монголын мэдээ | Улс төр
gantuya@montsame.mn
2018-04-20 18:31:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар “Бүх нийтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хамралт”-ын талаар  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийлээ.

НҮБ-аас 2015 онд Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийг дүгнэж, дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн 2030 он хүртэлх зорилтуудыг тодорхойлсон. Энэ хүрээнд Монголын парламент  2016 онд  “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг батлан 2030 онд хүрэх зорилтоо тодорхойлсон билээ. Энэхүү баримт бичигт эрүүл мэндийн чиглэлээр, Монгол хүний эрүүл, урт удаан амьдрах нөхцөлийг хангаж, урьдчилан сэргийлэх үндэсний тогтолцоог бүрдүүлж дундаж наслалтыг 78-д хүргэх, Эх, нялхсын эндэгдэл, хоол тэжээлийн дутагдлыг бууруулах, Халдварт болон халдварт бус өвчний тархалтыг бууруулах, Халдварт өвчний тандалт, сэргийлэлт, бэлэн байдлыг хангах, тархалтыг бууруулах гэсэн үндсэн зорилтуудыг дэвшүүлжээ.

“БҮХ НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАМРАЛТ”-ЫН ҮЗҮҮЛЭЛТ МОНГОЛД 63.1 ХУВЬТАЙ БАЙНА

Ерөнхий сайд мэдээлэлдээ, 2017 онд 74 мянга 328 нялх үрс шинээр мэндэлж, Монгол Улсын хүн ам гурван сая хоёр зуун мянгад хүрлээ. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлт нь тухайн улс орны хөгжлийн түвшинг илтгэх үзүүлэлт болдог. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин 2016 онд 1000 амьд төрөлтөд 20,8 промиль байсан бол 2017 онд 16,7 промиль болж буурсан. 2030 онд энэ үзүүлэлтийг 9 промильд хүрэхийг зорьж байна.

Нялхсын эндэгдэл 2016 онд 1000 амьд төрөлтөд 16.8 промиль байсныг 2017 онд 13.6 болгож буурууллаа. Тогтвортой хөгжлийн зорилтод энэ үзүүлэлтийг 8 промильд хүргэнэ. Мөн Тогтвортой хөгжлийн 2030 оны зорилтод эхийн эндэгдлийн түвшинг 100 мянган амьд төрөлтөд 15 болгохоор заасан. “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж энэхүү зорилтод  хүрнэ.

10 мянган хүн амд ногдох зүрх судасны өвчнөөс шалтгаалсан нас баралт 2017 оны байдлаар 17,4 промиль байгааг 2030 онд 14, хорт хавдраас шалтгаалсан нас баралт 13 промиль байгааг 2030 онд наймд хүргэхээр зорьж байна. Товлолт дархлаажуулалтын хамралтын хувийг 2030 онд 99.8 хувьд хүргэх зорилттой байгаа бол 10 мянган хүн амд ногдох вируст хепатитийн өвчлөлийн тохиолдлыг хоёрт хүргэхээр ажиллаж байна. 2017 онд сүрьеэгийн 4 мянга 300 орчим шинэ тохиолдол бүртгэгдэж, үүнээс 5.6 хувийг нь эмэнд дасалтай сүрьеэгийн тохиолдол эзэлж байна. Тогтвортой хөгжлийн зорилтод 2030 онд 10 мянган хүн амд сүрьеэгийн тохиолдлыг  13 хүртэл бууруулахаар тусгаж Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор “Халдварт өвчнөөс сэргийлэх хянах” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна гэж байлаа.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт үзүүлдэг тусламж, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна. Тухайлбал өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв сэргээн засах, гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ, оношилгоо, шинжилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр 5.2 тэрбум төгрөг төсөвт тусган хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн даатгалд хамралтыг нэмэгдүүлэх зорилгоор шимтгэлээ өөрсдөө төлдөг малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, ажилгүй иргэдийн даатгалын шимтгэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувьтай тэнцүү байсныг 2018 оноос 1 хувь болгон бууруулсан. Энэ нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд бүх нийтийг хамруулахад ихээхэн чухал алхам болно гэж үзэж байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, протез, ортопедийн зардал, хорт хавдрын  хими, туяаны өдрийн эмчилгээ, хөнгөвчлөх тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцахаар төсөвт өмнөх оныхоос 4 тэрбумаар нэмэгдүүлж нийт 34,5  тэрбум төгрөг суулгалаа гэж Ерөнхий сайд мэдээлэлдээ онцлов.

Мөн тэрбээр, бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх удаах тулгуур багана нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай үзүүлэх  нөхцөлийг бүрдүүлэх явдал юм. Өнөөдрийн байдлаар нийт  3500  эрүүл мэндийн байгууллагад 50 гаруй мянган эмч мэргэжилтэн ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарт  инновацийг нэвтрүүлэх, орчин үеийн дэвшилтэт технологийг нутагшуулах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлж байгаагийн үр дүнд эх орондоо эмчилдэггүй байсан өвчний тоо 39 байсныг бууруулж 32 болголоо. Мэдрэлийн мэс заслын хоёр, хавдрын хоёр, гэмтлийн нэг, үргүйдлийн хоёр өвчнийг шинээр эх орондоо эмчилж байна. Энэ оны 01 дүгээр сард  “Донорын  тухай хууль” батлан хэрэгжүүлж эхэлснээр эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай иргэддээ эх орондоо тусламж үйлчилгээ авах хууль эрх зүйн орчныг бүрдүүллээ. Өнөөдрийн байдлаар элэгний 48, бөөрний 153, ясны чөмөг шилжүүлэн суулгах 10 удаагийн мэс заслыг амжилттай хийгээд байна. Зүрх, нойр булчирхай шилжүүлэн суулгах баг ажиллаж анхны туршилтаа амжилт хийсэн. Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгох эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна. 2017 онд давхардсан тоогоор 1.5 сая даатгуулагч 26,8 тэрбум төгрөгийн үнийн хөнгөлөлт эдэлжээ. 2018 онд ерөнхий нэршлийн 184, худалдааны нэршлийн 817 эмэнд 40-80 хүртэл хувийн хөнгөлөлт үзүүлж байна. Эрүүл мэндийн даатгалын санг цахим системд 04-р сарын 01-нээс шилжүүлж мэдээллийн технологийг сайжруулан өрхийн эмнэлэг, эмийн сангийн түвшинд нэвтрүүлж эхлээд байна гэж байлаа.

Алслагдсан орон нутгийн хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран мобайл технологи нэвтрүүлж зайн оношилгоонд нийт 54 мянга гаруй малчид, иргэдийг хамруулсан нь үр дүнтэй арга хэмжээний нэг болж байна. Хүн амын дунд зонхилж улмаар нас баралтын гол шалтгаан болсон  элэгний хорт хавдар, элэгний хатуурлыг бууруулах зорилгоор баталсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд хепатит В, С вирүсийн халдварын илрүүлэг шинжилгээний эхний шатны үйл ажиллагааг 2017 онд зохион байгуулсан. Үзлэгт 40-65 насны хүн амын 57 хувь буюу нийт 535 мянга гаруй иргэнийг хамруулсан. Эрүүл мэндийн даатгалын сангаас энэхүү үйл ажиллагааг 6,6 тэрбум төгрөгөөр санхүүжүүллээ.

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн 2-р шатанд  15-39 насны, 65-аас дээш насны 1 сая 200 гаруй мянган хүн хамрагдана.  2018 онд даатгалын сангаас эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт 10,2 тэрбум, элэгний С вирүсийн идэвхжил тодорхойлох шинжилгээнд 4,9 тэрбум, С вирүсийн эмчилгээний эмийн хөнгөлөлтөд 18,4 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэхээр тооцож, шаардагдах төсвийг баталсан. Энэхүү хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр хүн амын дунд хепатитын вирүсийн халдварын тархалтыг хязгаарлан С вирүсийн шинэ тохиолдлыг 2020 он гэхэд таслан зогсоож, вирүсийн халдвараас үүдэлтэй элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулж чадна Засгийн газрын тэргүүн мэдээлэлдээ дурдлаа.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын шалгуур үзүүлэлт болох “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт”-ын үзүүлэлт манай улсын хувьд 63.1 хувь байгаа нь бүсийн бусад улс орнуудтай харьцуулахад дундаж түвшинд байгаа ажээ.

Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.


ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛЧДЫН ЦАЛИНГ 50 ХУВЬ НЭМЭГДҮҮЛЭХ
ЗОРИМОГ АЛХАМ ХИЙХ ШААРДЛАГАТАЙ ГЭВ

Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн дүгнэлтийг тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат танилцуулсан юм. Дүгнэлтэд, Бүх нийтийн эрүүл мэндийн асуудалд намаар талцаж нийтийн эрх ашгийг хохироох эрх бидэнд байхгүй учраас бодлогын чанартай дараах 9 асуудалд  анхаарлаа хандуулахыг хүсч байна гэсэн юм. Уг 9 асуудалд, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувь болгож бууруулсныг эргэж нэмэгдүүлэх, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн зарим заалтуудын хэрэгжих хугацааг хойшлуулсан алдаагаа энэ хаврын чуулганаар засах, эмч эмнэлгийн ажилтнуудын цалинг 2019 оны төсөвт 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх зоримог алхам хийж, эмч эмнэлгийн ажилтнуудын орон тоо, норматив, эмч сувилагчдын харьцааг эргэн харж сувилагчдын тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй гэж байв. Мөн Засгийн газар бөөр шилжүүлэн суулгах мэс ажилбарыг өргөтгөхийн тулд боловсон хүчний хангалт, санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, донорын асуудлыг оновчтой шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллах, Сумын өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагчдын мэргэжлийг 5 жил тутамд улсын төсвийн хөрөнгөөр дээшлүүлэх Эрүүл мэндийн тухай хуулийн заалтыг хэрэгжүүлж, баклаварын боловсролтой сум өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарыг Ерөнхий эмчийн резидентурт сургах тогтолцоог бүрдүүлж тэднийг сум өрхийн эрүүл мэндийн төвд тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай байна. Ерөнхий сайдын дэргэд эм, хүнсний бүтээгдэхүүний бодлого, зохицуулалт, хяналтын бие даасан хараат бус байгууллага болох “Эм хүнсний агентлаг”-ыг яаралтай байгуулах,  Анагаах ухааны сургуульд элсэгчдийн босго оноог Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуульд элсэгчдийн онооны түвшинг үндэслэн 550-иас доошгүй байхаар тогтоох хэрэгтэй гэсэн саналыг дэвшүүлээ. 

Цөөнхийн бүлгийг төлөөлж УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Б.Пүрэвдорж, Я.Санжмятав нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, хөнгөлөлттэй олгох эмийн хүртээмж, иргэдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоог сайжруулах, гадаадад мэргэжлээрээ ажиллаж байгаа эмч нарын эх орондоо ажиллах боломж, нөхцөлийг хангахад Засгийн газраас авч буй арга хэмжээний талаар илүүтэй тодруулав.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгох эмийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Эрүүл мэндийн даатгалын санг цахим системд 2018 оны 04-р сарын 01-нээс шилжүүлж мэдээллийн технологийг сайжруулан өрхийн эмнэлэг, эмийн сангийн түвшинд нэвтрүүлж эхлээд байна. Ингэснээр хөнгөлөлттэй олгох эмийн хүртээмж сайжирч, үйлчилгээний чирэгдэл багасч, хөнгөлөлттэй эмийг давхардуулан авахад хяналт тавьж зохицуулах боломжтой болсон. Цаашлаад Засгийн газаас иргэдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоог сайжруулахад анхаарал тавин ажиллаж байна. 2018 оны сүүлээр гэхэд  үзлэг оношлогооны нэгдсэн төвийг ашиглалтад оруулахаар шаргуу ажиллаж байна гэж хариулав. Мөн тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 10 дугаар сард цалин, тэтгэвэр тэтгэмжийг үе шаттайгаар нэмэхээ мэдэгдсэн. Сангийн сайдын 47 дугаар тогтоолоор эмнэлгийн байгууллагынхан төсвөө дотооддоо ашиглах бололцоог олгож байгаа.

Мөн Хөдөлмөр, ниймгийн хамгааллын яам, Сангийн яам, Эрүүл мэндийн яам хамтран эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалал, ур чадвар, хөдөлмөрийн бүтээмжийн үнэлэмжийг нарийвчлан тогтоосон. Ингэснээр эмнэлгийн ажилтнууд хийснээрээ цалинжих боломжтой болсон. Үүнийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ээс хэрэгжүүлж, эхлэхээр ажиллаж байна. Хийснээрээ цалинждаг болбол гадаадад ажиллаж байгаа өндөр боловсролтой, нарийн мэргэжлийн ур чадвартай эмч нар маань эх орондоо ирж, ажиллах боломж нээгдэнэ гэдгийг хариултдаа онцлов. 
Н.Гантуяа
Холбоотой мэдээ